Архангайд “Хүүхдийн элч” ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Архангайд “Хүүхдийн элч” ажиллаж байна

Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө газартай  хамтран улсын хэмжээнд хүүхэд өсвөр үеийнхний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хүүхдүүдийн чөлөөт сонголтоор “Хүүхдийн элч”-ийг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Архангай аймгийн баг, сум, аймгийн хэмжээнд  ажиллаж байна.

Хүүхдийн элч нь нам, улс төрийн хүчний нөлөөллөөс ангид байж бие даасан үйл ажиллагаа явуулан тухайн нутаг дэвсгэрийн хүүхэд, өсвөр үеийнхний эрх ашгийг бүрэн илэрхийлж тэдэнд туслах, зөвлөх үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхдийн элч нь Архангай аймагт хүүхдийн эрхийн зөрчлийг даамжруулсан буюу хайхрамжгүй хандсан байгууллага, албан тушаалтан, хувь хүмүүсийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдээлж тухайн асуудлаар нутгийн удирдлагын болон хууль хяналт, хүний эрхийн байгууллагын дүгнэлт шийдвэр гаргуулах хүртэл арга хэмжээ авах эрхтэй юм. Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулан хүүхдийн үгийг сонсож, дуу хоолойг нь шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж хүүхдүүдтэй хамтран ажилладаг.  “Хүүхдийн  элч”-ийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, санал хүсэлтийг хянах, огцруулах асуудлыг гагцхүү орон нутгийн Хүүхэд, өсвөр үеийнхний чуулганаар  шийдвэрлэдэг дүрэмтэй.

Аймгийн хэмжээнд аймгийн хоёр, сумын 18, нийт 20 “Хүүхдийн элч” хүүхдийн сонголтоор сонгогдон ажиллаж байна. “Ирээдүйн хөгжилд-бидний оролцоо” хүүхдийн 2-р чуулганаар Аймгийн Засаг даргын зөвлөх, Хүүхдийн элч  Ж.Нэргүй “Хүүхдийн эрхийн итгэмжит элч”-ээр, Аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат  аймгийн “Хүүхдийн элч”-ээр тус тус сонгогдсон байна. Сум бүрт нэг хүн  “Хүүхдийн элч”-ээр сонгогдон аймгийн хэмжээнд нийт  37000 гаруй хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор  ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж