Э.Бадар-Ууган улсын аваргыг өнжихөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган улсын аваргыг өнжихөөр болжээ

Монголын олимпийн боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Спортын төв ордонд эхлэх гэж байна.

Харин тэмцээний нээлтийн ажиллагаа лхагва гаригт 18.30 цагаас болох юм. Харамсалтай нь, энэ жилийн улсын аваргад Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган оролцох боломжгүй болжээ. Олимпийн наадмаас хойш бэртлийн улмаас багагүй хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэж, рингнээс хол байсан тэрбээр улсын аваргад оролцохоор бэлтгэлээ эхлүүлээд байсан ч жин хасч, ачаалал нэмэгдэхийн хэрээр нурууны бэртэл нь сэдэрсэн учир эмчийн дүгнэлтийн дагуу улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөс аргагүйд хүрчээ.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файерс” багтай гэрээ байгуулсны дагуу “World Series of Boxing” тэмцээнд оролцож байгаа учир энэ жилийн УАШТ-нд оролцохгүй юм. Гэхдээ Э.Бадар-Ууган улсын аваргыг өнжих хэдий ч ирэх сарын сүүлээр Европын цувралд оролцохоор зэхэж байгаа гэнэ. Монголын ширэн бээлийтнүүдийн хувьд гуравдугаар сарын 1-6-ны хооронд болох улсын аварга шалгаруулах тэмцээний дараа Европын цувралд оролцохоор хилийн дээс алхана. Европын цувралын эхний тэмцээн Албанид гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд болох бөгөөд боксчид залгуулаад Польш, Сербид очиж, тулалдах ажээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд аваргуудыг тодруулна. Тэмцээнийн техникийн зөвлөгөөн өнөөдөр 15.00 цагаас Спортын төв ордны хурлын зааланд болох бөгөөд тэндээс улсын аваргад оролцох баг  тамирчдын тоо тодорхой болох юм. Ямартай ч олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын шилдэг боксчдыг эгнээндээ багтаасан 30 байгууллагын 240 гаруй тамирчин урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж