А.Энхтуул Азийн аваргаас хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

А.Энхтуул Азийн аваргаас хүрэл медаль хүртэв

Филиппиний Субик хотноо энэ сарын 14-нд эхэлсэн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн дөнгөж саяхан дүнгээ гаргалаа. Шар тивийн 20 орны 278 шатарчин оролцсон тус тэмцээнд Монголыг төлөөлөн өсвөрийн 18 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас охидын 18 насны ангилалд ОУХМ А.Энхтуул хүрэл медаль хүртсэн байна. Энэ ангилалд нийт 22 шатарчин өрсөлдсөнөөс сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул есөн өргөөс дөрөв хожиж, дөрөв тэнцэж, нэг хожигдсоноор нийт 6.0 оноотой болж, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалиа хүртлээ. Охидын 18 насны ангилалд Энэтхэгийн шатарчин Пужари Руча 7.5 оноотой тэргүүлж, Филиппиний тамирчин Фронда жан Жодилин удаалсан байна. Мөн энэ ангилалд тоглосон Б.Ану 5.0 оноотой 11 дүгээр байрт бичигджээ.

Азийн аваргад оюун ухаанаа сорьсон бусад шатарчдын хувьд хөвгүүдийн 18 насны ангилалд У.Насанжаргал /5.5 оноо/ шагналт дөрөвдүгээр байрт, Б.Хүслэн хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд зургадугаар байрт, Г.Сайханзаяа охидын 14 насны ангилалд наймдугаарт, охидын 16 насны ангилалд Н.Бадамханд, хөвгүүдийн найм хүртэлх насны ангилалд Э.Баасансүрэн нар тус тус есдүгээр байрт шалгарсан амжилттай оролцжээ. Ерөнхийдөө Азийн аваргад оролцсон 18 шатарчны нэгээс бусад нь 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн байна.

Түүнчлэн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний үеэр анх удаа зохион байгуулах блиц буюу түргэн тоглолтын тэмцээнд охидын 16 насны ангилалд Н.Бадамханд алтан медаль хүртсэн бол охидын 18 насны ангилалд А.Энхтуул хүрэл медалийн эзэн болж, энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн байна.

Тивийн аваргад Энэтхэгийн шатарчид багийн амжилтаараа тэргүүлжээ. Тэдний хувьд боломжит 12 алтан медалиас 10 алтан медаль, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэд болсон байна. Харин багийн дүнгээр хоёрдугаар байрт Филиппин, гуравт Ираны баг шалгарчээ. Монголын шатарчдын хувьд нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар долдугаар байрт бичигдлээ.

Дашрамд дуулгахад, А.Энхтуул, Б.Ану нар залгуулаад Филиппиний Тагаятай хотноо болох насанд хүрэгчдийн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөх юм. Тус тэмцээн энэ сарын 23-31-нд болно. Тэмцээн швейцарь системээр есөн өрөг үргэлжилж, аваргаа тодруулах бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд эхний хоёр байр, эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн шатарчин дэлхийн аваргад оролцох эрхээ авах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж