Хамгийн сайн менежменттэй шүүхээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хамгийн сайн менежменттэй шүүхээр тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дархан-Уул аймагт анхан, давж заалдах болон захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын хэлтэс, албадын дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж өндөрлөжээ. Зөвлөгөөний үеэр шүүгчид шилдгүүдээ шалгаруулснаас хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх тодорч, шагналыг Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оч гардсан байна. Харин давж заалдах шатны шүүхээс Дорнод аймгийн шүүх, захиргааны хэргийн шүүхээс Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх шилдгээр шалгарсан байна. Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар Сум дундын шүүх нь Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд хуулиар тусгайлан харъяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг юм. Дархан-Уул аймагт эрүү, иргэн, захиргааны зөрчилтэй хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, Сум дундын шүүхийн нэг Ерөнхий шүүгч, найман шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулж байна.  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, Улсын Дээд шүүх, Аймгийн шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээнд шүүн таслах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн менежмент, хэргийн хөдөлгөөний стандартын шаардлагыг хангах, шүүгч ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд Монгол улсын хэмжээнд 33 анхан шатны шүүхээсээ ажлын үзүүлэлтээр шалгарч, хамгийн сайн менежменттэй шүүхээр нэрлэгдсэн байна. Сум дундын шүүхийн хувьд өнгөрөгч 2010 онд иргэний 2381 нэхэмжлэл хүлээн авч, 2062 хэрэг шийдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 5,3 хувиар өссөн үзүүлэлтэй, эрүүгийн 247 гэмт хэрэгт 339 хүнд ял шийтгүүлсэн бөгөөд насанд хүрээгүй 30, 21 эмэгтэй хүн ял шийтгэгджээ. Гэмт хэргийн хувиар нь авч үзвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх болон танхайрах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй гарсан байна. 2010 онд сум дундын шүүхийн нэг шүүгч ойролцоогоор 389 хэрэг шийдвэрлэж, ажлын ачаалал 11,3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

    М.Дэлгэржаргал

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж