Ц.Энхжаргал мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 96, 120 кг, эиэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ын жингийн барилдаан болсон юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Су Сим Хьянг, дараа нь Японы бөх Фүюүко Мимураг ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Харин шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын бөх Сү Янаньд ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болжээ. Харин 51 кг-ын жинд Д.Отгонцэцэг эхний тойрогт БНАСАУ-ын тамирчин Хан Кум Окийг, дараа нь Тайландын Аморнрат Танутонгийг ялсан ч аваргын төлөөх барилдаанд Хятадын бөх Жао Шашад дийлдсэнээр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн өчигдөр Азийн аваргын дэвжээнд хүч сорьсон Л.Хонгорзул эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд эхний тойрогтоо Японы бөх Чикако Мацүкавад ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Эрэгтэйчүүдийн хувьд 96 кг-ын жинд Н.Золбоо эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Иракийн бөх Суттаил Мохаммад аль Обайдиг ялж, дараа нь Ираны тамирчин Арфан Морадали Амирид ялагджээ. Гэхдээ Н.Золбоо дагах барилдаанд зодоглож, Энэтхэгийн бөх Маусам Хатриг ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Мөн 120 кг-ын жинд ОУХИ Ж.Чулуунбат  хүрэл медалийн эзэн болсон. Тойргийн барилдаанд Энэтхэг, Тажикистаны бөхчүүдийг ялсан ч мөнгөн медалийн төлөө Ираны бөх Комейл Немат Хасемид ялагдсан тэрбээр дагах барилдаанд Казахстаны тамирчин Асхат Куссеповыг ялснаар медалийн тавцанд гарчээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монголын эрэгтэй тамирчид 48 оноотой багийн дүнгээр гуравдугаарт, харин эмэгтэйчүүд нийт 22 оноотой дөрөвдүгээр байрт бичигдээд байна.

Өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 кг, сонгомол бөхийн 55, 60 кг-ын жинд аваргууд тодорно. Монголын баг тамирчдаас өнөөдөр С.Цэрэнчимэд /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Б.Одончимэг /72 кг/ нар барилдах юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж