УИХ дахь хоёр том нам нийлж, сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх тухай яриад бүтэн гурван жилийн нүүр үзэж байна. Анх хамтарсан Засгийн газар байгуулах аян шалтаг хайж байх үед хоёр намын гаргаж тавьсан нэг гол хөзөр нь энэ байсан билээ. Тухайн үед МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан С.Баяр энэ тоглоомын дүрмийг зохиож, “таван төгөлдөршил” гээчийг явуулахаар УИХ-д цөөнх болоод байсан Ардчилсан намынхныг засагтаа урьж оруулсан. Сонгууль булхайтай боллоо хэмээн өөд уруугүй заргалдаж байсан тэдгээр нөхдүүдийн амыг үүгээр барьж, долдугаар сарын 1-ний “цуст” хэргийн ул мөрийг ч мөн баллуурдахыг зорьсон билээ.
Гэвч өнөөдөр өнгөрсөн гурван жилийн дотор юу өөрчлөгдсөн, юуг төгөлдөршүүлсэн бэ? гэдэг асуултын хариуг хайх цаг болсон мэт. Хамтарсан Засгийн газрын байгуулсны хамгийн том гавьяа буюу хийсэн ганц ажил нь Оюутолгойн ордын гэрээг байгуулж, анхны хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан явдал. Хэдийгээр энэ орд олборлолтоо хийж эхлээгүй ч Засгийн газар урьдчилгаа татварын хэлбэрээр нэлээд мөнгийг төсөвтөө татан оруулж, Хүний хөгжлийн санд байршуулан иргэдэд бэлнээр тараасан. Нийтдээ 250 сая ам.доллар. Гэхдээ энэ жил иргэдэд бэлнээр өгөхөөр төсөвлөсөн 800 тэрбум төгрөгийн тун бага хэсэг нь Оюутолгойн ордын нөөцийн төлбөрөөс, харин үлдсэн үлэмж хэмжээний “өр”-ийг Эрдэнэтийн зэсийн баяжмалын үнийн өсөлтөөс төлж байгаа. Тэгэхээр Оюутолгойн орд өнөөдөртөө Монголыг авч яваа, эсвэл ирээдүйд өргөөд явчих юм гэж хэлэхэд арай эрт байна. Төсвийн төгөлдөршил манцуйдаа байгаа, бүртгэлийн төгөлдөршил дөнгөж эхлэлийн төдий.
Тэгэхээр хамтарсан Засгийн газрын хамгийн том “автор”-ын амласан таван төгөлдөршлийн бас нэг гол гогцоо асуудал болох сонгуулийн төгөлдөршлийн тухай эргэж санах гээд үзье. Долдугаар сарын 1-нд болсон үймээн, таван хүнээ буудан хороосон гэмт хэргийн дараа Монголын төрөөс, төрийг төлөөлөгч эрхмүүдээс хамгийн түрүүнд амласан зүйл нь “Сонгуулиа шударга явуулья, сонгогч нэг бүрийн санал парламентад тусгалаа олдог тийм тогтолцоонд шилжье, гарцыг хамтдаа эрж хайя” гэсэн билээ. Энэ эрэл харин бүтэн гурван жил үргэлжилсний эцэст эргээд мухардалд орж байх шиг байна. Эрлийн сүүлчийн утсыг Сонгуулийн хуулийн төсөл дээр МАН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж ажилласан Су.Батболд гишүүний мэдэгдэл тас цохилоо.
Хоёр нам анх хүлээн зөвшөөрсөн холимог тогтолцоо гэдэг нь 50:26 байв. Тавин мандаттай пропорциональ тойрог дээр нам дугуйлж, нэг мандаттай 26 тойрог тус бүрт нэг хүн дугуйлна гэсэн үг. Үүнийг пропорциональ давамгайлсан холимог тогтолцоо гээд байгаа юм. Гэтэл сүүлийн үест нөхдүүд, ялангуяа МАН-ын зүгээс “Холимог тогтолцоог авсан шүү” гэчихээд араас нь “Тэгэхдээ ч мажоритари нь дээр л дээ. Тиймээс 50:26-гаа 24:50 болгочихье” гэсэн унжуурга зүүж эхэллээ. Өөрөөр хэлбэл, 24 мандаттай нэг том тойрогт нам тус бүр 24 хүн өрсөлдүүлж, үлдсэн 52-ийг нь 2004 он хүртэл хэрэглэж байсан жижиг 76 шиг 52 жижиг тойрогт нэг нэг нэр дэвшигч өрсөлдүүлж гаргаж ирнэ гэсэн үг. Пропорционалийн эзлэх хувийг ингэж жижигрүүлж, мажоритари тойргийг олшруулж байгаагийн шалтгаан нь нөгөө л хуучин тогтолцоогоо санагалзсан хэрэг. Угаасаа МАН-ын зүгээс сонгууль ойртох тусам аль болох пропорционалиас зугатаж, жижиг мажоритари луу илүү тэмүүлсэн хувилбарыг зүтгүүлнэ гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Гэвч сонгуулийн тогтолцоог шинэчлэхийн төлөө хамгийн тууштай зогсох юм гэж үнэлэгдэж байсан Ардчилсан намын бүлэг үүн дээр дуугүй байгаа нь хамгийн их эмзэглэл төрүүлж байна. Үүний учир шалтгааныг магадгүй өнгөрсөн сард хийсэн олон нийтийн судалгаа хэлж өгч мэдэх юм.
Су.Батболд гишүүн пропорционалийн эзлэх хувийг багасгах гэсэн шалтгаанаа “100 хувь мажоритариар явж байсан сонгуулийг 100 хувь пропорциональ руу шууд шилжүүлэх нь сонгогчдод эрсдэлтэй. Эхний удаад мажоритари давамгайлсан холимог байх нь сонгогчдод илүү ойлгомжтой” гэж тайлбарласан. Гэвч пропорциональ давамгайлах нь иргэдэд эрсдэлтэй юу, эсвэл намуудад илүү эрсдэлтэй байв уу гэдгийг дорх судалгаанаас иш татаад үзье.
“Сант марал” судалгааны төвөөс өнгөрөгч дөрөвдүгээр сард нийслэл болон Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Өвөрхангай зэрэг хүн ам илүү төвлөрсөн аймгуудын дунд улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох судалгаа хийжээ. 1000 гаруй хүнийг хамруулсан уг судалгааны үр дүн нэлээд сонирхолтой байдлаар гарсан байна. Маргааш сонгууль явуулбал та аль намыг дэмжих вэ гэсэн асуулгад хот болон хөдөөд МАН-ын рейтинг Ардчилсан намынхаас даруй 1-2 пунктээр доогуур гарчээ. Судалгаанд оролцсон иргэдийн 23 хувь орчим нь Ардчилсан намыг, 21 хувь нь МАН-ыг дэмжсэн байна. Үлдэж буй 50 гаруй хувь нь хаашаа ч савлаж болно гэсэн үг. Жижиг намууд, иргэний хөдөлгөөнүүд, эсвэл бие даан нэр дэвшигчид гэх мэт. “Мэдэхгүй” гэж хариулсан 30 хувийг сонгууль болтол үлдсэн нэг жилийн хугацаанд идэвхижүүлэх, сурталчилгаандаа татан оруулах замаар хоёр нам хувааж авлаа гэхэд үлдсэн 20 хувийнх нь санал жижиг намууд руу явна гэсэн үг. Энэ бол эрх барьж буй хоёр намын гол айдас.
Хоёрдугаарт хувь улстөрчдийн рейтингийг аваад үзвэл одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаараа 30 хувьтай тэргүүлж байна. Түүний араас Н.Энхбаяр удаалж, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Үйлдэрчний эвлэлийн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Энхболд, С.Баяр, С.Оюун, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар жагссан байх жишээтэй. Харин Улаанбаатарт хийсэн судалгаагаар З.Алтай, Д.Энхбат, Х.Тэмүүжин нар “Топ 10”-т багтаж, Ерөнхий сайд С.Батболд хойш ухран хамгийн ард зогссон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хувь улс төрчдийн рейтингээр авч үзвэл “Топ 10”-д МАН-аас дөрөв, Ардчилсан намаас дөнгөж хоёр, харин жижиг намууд болон бие даан нэр дэвшигчдээс тогтмол 3-4 хүн “Топ 10”-т орж ирсэн байна. Энэ бол одоогийн манай улстөрчид болон намуудад өгч байгаа нэлээд бодитой үнэлгээ. Тиймээс хоёр том нам пропорционалиас аль болох зугатах хангалттай том шалтгаан байгаа юм байна.
Уг нь бол намын нэрээр сонгуульд орлоо гэхэд Ардчилсан нам ямар ч байсан МАН-аас дээгүүр гарч ирж байна. Харин МАХН-ын авсан хоёр хувийн саналыг нэмбэл, өөрөөр хэлбэл МАН, МАХН хоёр нийлж орвол ялимгүй дээгүүр санал авч болох нь. Гэвч одоо УИХ-д сууж байгаа нөхдүүдийн хувьд Ардчилсан нам, эсвэл МАН ялалт байгуулах нь гол биш, харин өөрсдийнхөө суудлыг хадгалж үлдэх нь илүү чухал болчихоод байна. Тиймээс сонгууль бараг эхэлчихээд, гишүүд тойрог руугаа харайлгах нь олширсон энэ үед сонгуулийн төгөлдөршил, тогтолцооны шинэчлэл энэ тэрийг яриад ёстой нөгөө “унгасан хойноо хавчих” гэгч болох бололтой.
УИХ-ын ажлын хэсэг сонгуулийн хуулийн төслийг УИХ-д оруулж ирээд даруй гурван долоо хоног өнгөрлөө. Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцээд “холимог системийг авья” гэж хэлснээс хойш дахиад 14 хоног. Гэтэл одоо болтол хоёр намын бүлэг мажоритари болон хувь тэнцүүлсэн суудлын харьцаан дээр тохиролцоонд хүрээгүй гэх. Магадгүй өнгөрөгч 2007 оных шиг “тогтолцоогоо дараа нь ярья, эхлээд бусад асуудлаа шийдчихье” гэж байгаад мажоритари руугаа явах биз. Хэрвээ 24:52 ч юм уу, ямар нэг байдлаар мажоритари давамгайлсан холимгоор явна гэж байгаа бол өдийд хоёр нам хэн, хэнийг аль тойрогт тавьж мөргөлдүүлэхээ яриад эхэлчихсэн, суудлынхаа тоог ч бас хуваагаад авчихсан биз. Тийм бол ингэж олон нийтэд хий хоосон хүлээлт үүсгэж, асуудлыг хөөсрүүлж байхын оронд шулуухан чуулганаар оруулаад санал хураалгачихсан нь дээр. Тэр нь илүү нүгэл багатай. Тэгээд нөгөө тойргийнхоо тэрбум төгрөгийг өвөртлөөд жалга жалгандаа очиход л боллоо шүү дээ. Дахиад л нөгөө биелшгүй амлалт, дуусдаггүй хэрүүл, булхай луйвраа хийнэ биз.
Гэвч үүнийхээ наана эрхэм гишүүд долдугаар сарын 1-ний хэрэг, түүнээс авсан сургамж, намуудын амлалт, сонгуулийн төгөлдөршил, системийн шинэчлэлийн асуудлыг дахиад ядаж ганц удаа бодож үзээд, эцсийнхээ шийдвэрийг гаргаасай гэж хүсье.