
Наадмын сүүлчийн тэмцээнүүд болон хаалтын ажиллагаа өчигдөр Орхон аймагт боллоо. Жүдо, самбо бөхийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг давхар ялалт байгуулсан бол хөлбөмбөгийн аварга багаар Орхоны хөвгүүд тодорлоо. Байгууллагын нэгдсэн дүнгээр 415 оноотой Сэлэнгэ аймгийн БТСГ-ын баг түрүүлж LCD зурагт, лэптоп, компьютер, хувилагч, дижитал аппарат, камер зэрэг 10 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан бараагаар шагнуулсан юм. Тус аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат, БТСГ-ын дарга Г.Баттулга нар Хүүхдийн спортын IV их наадамд оролцох баг тамирчдаа онцгой идэвхтэй дэмжиж ажилласны үр дүн ийнхүү гарлаа.
409,5 оноо цуглуулсан Баянзүрх дүүрэг аман хүзүүдэж, найман сая төгрөг, 406 оноотой Орхон аймаг гуравдугаар байр эзэлж, зургаан сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнуулав. Түүнчлэн эхний зургаад багтсан Сүхбаатар дүүрэг (399 оноо), Баянгол дүүрэг (386 оноо), Хөвсгөл аймгийн (385 оноо) БТСГ-ын багт дөрөв, гурав, хоёр сая төгрөгийн өртөг бүхий шагнал дагалдсан. Мөн анхан шатны нэгж байгууллагуудаа дэмжих үүднээс аймаг, дүүрэг бүрээс шилдэг нэг сургуулийг шалгаруулан компьютерээр урамшуулав.
Хүүхдийн спортын IV их наадмыг амжилттай зохион байгуулсан Байт харваа, Волейбол, Гимнастик, Самбо бөх, Ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарыг лэптопоор шагнасан байна.