Ерөнхийлөгч Төв аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Төв аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Төв аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Зуунмод хот дахь “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани аймгийн төвийн орон сууцны айл өрхүүдийн 80 хувийг хэрэглээний халуун усаар хангадаг, халаалтын 8 зуух, 23 нам даралтын тогоо ашиглан дулаан үйлдвэрлэдэг. Сүүлийн нэг жил газрын гүний дулааныг ашиглан дулаан үйлдвэрлэх технологийг туршиж эхэлжээ. “Газрын гүний дулаан ашиглахад анхны зардал нь өндөр гардаг ч ашиглалтын явцад бараг зардалгүй. Бид энэ туршилтаа нэгэн цэцэрлэг дээр хийж байгаа. Зардал хэмнэж, түлш хэрэглэхгүй, утаа гаргахгүй, байгаль орчин хордуулахгүй сайн талтай юм” гэж тус компанийн удирдлага ярив. Нүүрс тээвэрлэн зөөж, дулаан түгээдэг технологи хоцрогдсон, бас зардал өндөртэй байгаа талаар ярьж, нүүрс боловсруулах үйлдвэрийг хослуулан ажиллуулах , хийн шаталттай системд шилжүүлэх талаар судалж, судалгааны ажлыг хийж дууссан тухай танилцууллаа. ТЭЗҮ, зураг төсөл хийгдэх хөрөнгө шийдэгдсэн байна. Ингэж үйлдвэрлэлийн хосолмол ажиллагаанд шилжсэнээр кокс , шатах хий, давирхай гаргаж шатах хийгээр халаалтын асуудлаа шийдэж, утаагүй түлшээ зах зээлд борлуулж, давирхайг экспортлох боломжтой юм байна. “ Манай байгууллагын гол шийдвэрлэх асуудал бол төвлөрсөн халаалтын зуухыг ашиглалтад оруулах асуудал юм. 70, 80-аад онд 10 аймагт дулааны станц барьж байгуулсан боловч зардал өндөр байснаас шалтгаалж ихэнх нь өнөөдөр ажиллахгүй байгаагийн нэг нь Зуунмод хотынх. Нэгэнт энэ систем ажиллах боломжгүй болсон тул бидний судалсан дулааны станцыг нүүрс боловсруулах үйлдвэртэй хослуулах төсөлд анхаарлаа хандуулж, дэмжиж өгнө үү” гэж “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрынхан ярилаа. “ Энэ бол зөвхөн зардал хэмнэх төдийгүй утаа гаргахгүй, байгальд ээлтэй гэдэг утгаараа дэмжих ёстой технологи юм” гэж Ерөнхийлөгч хэлэв. Дараа нь Ерөнхийлөгч Төв аймгийн Зуунмод хотын иргэдтэй уулзалт хийснээр энэ удаагийн орон нутаг дахь томилолт өндөрлөлөө. Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Р.Раш, УИХ-ын гишүүн С.Батболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, ЕТГ-ын дэд дарга Б.Нэргүй нар ажиллалаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж