УИХ-ыг 99 гишүүнтэй болговол зүгээр санагддаг

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

УИХ-ыг 99 гишүүнтэй болговол зүгээр санагддаг

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Ардчилсан намын бүл­гийнхэн  Үндсэн хуулийн Цэ­цийн гишүүнийг томилох асуу­­далд зав­сарлагаа  үр­­гэлж­­­­лүүлсэн. Үүний цаа­на улс тө­рийн агуулга байна гэж хар­­дах хүмүүс бий?

-УИХ дахь намын бүлгүүд янз бүрийн шалтгаанаар зав­сар­­лага авдаг. Харин энэ удаа улс төрийн талаас нь асуу­далд хандаж байх шиг байна. Ардчилсан намын бүлэг өнгөр­сөн оны арванхоёрдугаар са­рын 28-нд завсарлага авсан. Одоо бараг хагас жил боллоо. Байнгын хорооны хуралдааны үеэр Ардчилсан намын бүл­гийн дэд дарга Л.Гантөмөр “Нэр дэвшигчээ өөрчлөөч. Энэ талаар УИХ-ын даргатай яриач ээ” гэсэн. Хуулийн дагуу бүлэг завсарлага авах эрхтэй. Хугацаа заагаагүй байдаг. 

-Тэгэхээр нэр дэвшигч М.Алтанхуягийг өөрчлөх талаар хэлэлцэх үү?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх байх.

-Ардын нам, Ардчилсан намын бүлгүүд сонгуулийг хо­ли­мог тогтолцоогоор явуулъя гэдэг дээр санал нэгд­­сэн. Гэтэл Ардын нам дотроо жижгэрүүлсэн ма­жоритар, холимог зэрэг янз бүрээр яриад байгаа. Нэгд­мэл байр суурьтай болоогүй юу?

-Манай намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр нэ­лээд ярьсан. Бид пропор­циональ хувилбар орох нь зүйтэй гэж үзэж байгаа. Бүлэг нийт 46 гишүүнтэй. Ардчилсан намын бүлгээс бараг хоёр дахин их гэж болно. Олон хүн дотор янз бүрийн бодолтой хүмүүс бий. Гэсэн ч олонхи нь сон­гуулийн тогтолцоонд өөрч­­лөлт хийх нь зүйтэй. Тэр тус­маа Сонгуулийн тухай хуу­лийг хаврын чуулганд багтаан бат­­лах хэрэгтэй гэдэг дээр ойл­голцоод байгаа. Удирдах зөв­лөл, бүлгийн гишүүдийн өр­гөтгөсөн уулзалтын үеэр сон­­гуулийн тогтолцоог цаг ху­гацааны талаас хэ­зээ ший­дэх вэ гэдгийг ярилц­сан. Ардын нам, Ардчилсан на­мын удирдлагын хүрээнд тодор­хой шийдэл, чиглэлээр ажиллах шаардлага байгаа талаар хэлсэн. Ер нь аливаа асуудалд санал зө­рөл­дөх зүйл байж л таарна. Ойрын үед намын удирдлага цааш­­лаад бүлгийн байр суурь тодорхой болох байх. Ингэж нэгдмэл байр сууриа илэрхийлэхгүй бол Сонгуулийн тухай хуу­лийн ши­нэчилсэн найруул­гын төс­­лийг батлахад түвэгтэй болно.

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн тог­толцооны асуудлыг хурдан шийдээд энэ чуулганд багтаах ёстой гэсэн зарчмын байр суурийг хатуу баримталж байна. Харин таны хэлснээр жижиг 76 бол болохгүй биз дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын олон гишүүн нэг тойрог, нэг мандат гэх системийг сонгох нь ухралт болно гэж үзэн дэмжихгүй байгаа юм. Манайх шиг мажоритар системээр сонгууль явуулдаг улс орнууд сонгуулийн тогтолцооны сонголтдоо ямар арга, зарчмыг хэрэглэсэн юм гэдгийг эргэж харах хэрэгтэй. Ингэхэд хосолмол буюу холимог системийг сонгосон байдаг.

-Холимог дотроо ямар байх юм. Пропорциональ, мажоритар системийн аль нь давамгайлсан байх вэ?

-Зарим нь пропорциональ давамгайлсан мажоритар системтэй хосолмол тогтолцоог хүсч байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь мажоритар давамгайлах хэрэгтэй гэж байгаа бол бусад нь хоёулаа тэнцүү байх ёстой гэдэг. Энэ дундаас л бид зөв шийдлээ олох хэрэгтэй юм. Монгол Улс төрөө хүчтэй, илүү ардчилсан, иргэдийнхээ эрх ашигт нийцсэн байх талаас нь одоо байгаа тогтолцоогоо төгөлдөршүүлэх нь зүйтэй. Парламентын удирдлагаа төгөлдөршүүлдэг гол зүйл нь нэр дэвшигчид тулгуурласан системээс гадна хөгжлийн бодлогын төлөө ажилладаг. Түүнийхээ хариуцлагыг хүлээдэг байхад оршино. Про­порциональ хувилбарыг оруулах гэж байгаа зорилго нь ачааны хүндийг хариуцлага, итгэлтэй нь хамт авч явдаг улс төрийн намыг бэхжүүлэх гэж байгаа явдал. Эхний ээлжинд тодорхой хэсгийг нь улс төрийн намын нэрийн жагсаалтаар сонгодог хэлбэрийг авах нь манайд зөвшилцлийн, ардчиллын шинэ улс төрийн орчин бий болгоход чухал. Ер нь хосолмол тогтолцоог хэрэглэсний дараа пропорциональ хувилбар давамгайлсан хэлбэр рүү шилжихийг үгүйсгэхгүй. 

-Тогтолцоо гэхээсээ илүү сонгуулийн үеэр маргаан их гардаг. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан бэ?

-Англи улсын хувьд тухайн үед сонгуулийн шүүх гээд гаргачихдаг. Харин зарим улс байгаа шүүх дээрээ асуудлыг авч үздэг. Манай улсын хувьд шүүх дээр асуудал очсон тохиолдолд ямар цаг хугацаанд шийдвэрлэх вэ гэдгийг оруулж өгсөн байгаа. Сонгуулийн ерөнхий хороо хэд хоногийн өмнө саналаа ирүүлсэн. Бусад оронд сонгогдсон гишүүдийг зөвшөөрүүлчихэж байгаа юм. Хэрэв маргаан үүсээд тэр нь батлагдвал сонгогдоогүй гээд татчихдаг. Тэгээд дараагийн хүнийг сонгодог. Манайд УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдсон бол эргүүлэн татна. Түүнээс өөр тохиолдолд татдаггүй. Харин УИХ-ын дарга зөрчил дутагдал гаргасан байвал эргүүлэн татна гэж байгаа юм. Энэ талаар ажлын хэсэг аль болох дээрдүүлэхээр ажиллаж байна.

-Сонгуулийн дүнг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан тохиолдолд эрүүгийн хариуц­лага хүлээлгэх талаар Эрүү­гийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар үзсэн. Ингэснээр хариуцлагын тогтолцоог бий болгоно гэж байгаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Цаг үеэ олсон асуудал учир УИХ-ын гишүүд анхаарал тавих нь зүйн хэрэг. Нөгөө талаас нэр хүнд хөөцөлдөх нь байдаг л асуудал. Ер нь хариуцлага нь багадаад байгаагаас сонгууль зөрчилтэй, хууль бус болоод байгаа юм биш. Санал худалдаж авсан бол ял хүлээдэг л байх ёстой. Одоогийн хуульд ч бий. Харин хэн ч ял хүлээхгүй байгаа учир хуулиа  яаж ч чангатгаад хэрэггүй. Хариуцлага хүлээлгэхийн тулд гомдолтой байгаа талууд үндэслэл, баримтаа гаргаж өгөөд хуулийн байгууллагууд нь байцаалтаа явуулна. Ингээд хууль бус үйлдэл хийсэн нь нотлогдвол ялаа эдлэх учиртай. Ийм журамд шилжвэл хариуцлага хүлээлгэж чадах юм. Зарчмын хувьд хариуцлагыг чангатгая гэдгийг ойлгож байгаа. Гагцхүү хариуцлагаа хүлээлгэдэг байх нь чухал.   

-УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгуулийг хамтатгаж явуулъя гэдэг саналыг өмнөх парламент гаргасан. Энэ удаа яах вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хамтатгаж явуулахыг би дэмждэггүй. Улс орон даяар зэрэг эхлээд зэрэг дуусч байгаа нь бүх нийтийн сонгууль буюу УИХ-ын сонгууль юм. Орон нутгийн сонгуулийг хамтатгаж явуулбал хавсарга сонгууль болж хувирна. Нөгөө талаас нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчдийг сонгодог мандат бол 7700 гаруй бий. Нэр дэвшигчдийн тоог авч үзвэл 15 мянга гаруй хүн өрсөлддөг. УИХ-ын сонгуульд хамгийн багаар тооцоход 250-аас доошгүй хүн өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчдийг нэмээд тэдний штабт ажиллаж байгаа хүмүүсийг бодохоор 600-700 мянган хүн сонгуулийн үйл ажиллагаанд оролцоно. Сонгуульд оролцсон хүмүүсийн тал нь штабт орж ажиллах нь сонгуулийг хурцадмал байдалд оруулна. Энэ нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг улс төрийн намын гарт бүрэн шилжүүлж байгаа хэрэг. Үүний цаад санаа нь Засаг дарга нараа тухайн нам нь зэрэг авах гэсэн бодлого. Ирэх намрын чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй.

-Томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лахаар ажиллаж байна. Та ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж буй. Уг нь энэ сарын 1-нд санал, дүгнэлтээ танилцуулах ёстой байсан. Одоо юу болж байгаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хууль бол гол суурь хууль шүү дээ. Энэ хуулиар оролдох нь ард түмний эрх ашгийг хөндөж байна гэсэн үг. Тиймээс энэ бол амаргүй үйл явц юм. Жишээ нь Америкийн Үндсэн хууль 200 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд 27 өөрчлөлт оруулсан байдаг. Харин нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга 10 мянга гаруй удаа гарсан. Ер нь хамгийн сайн Үндсэн хууль гэдэг бол төрийн эрх мэдлийг хязгаарласан, тэнцвэртэй хуваарилсныг хэлнэ. Энэ талаас нь харвал манай хууль эрх баригчдын эрх мэдлийг хянаж, хязгаарласан талаасаа дархлаа султай. Ажлын хэсэгт 40-өөд хүн ажиллаж байгаа. Бас л амаргүй юм. Ажлын хэсэгт байгаа Б.Чимид багшаас эхлээд олон хүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Зарим нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилье гэх нь ч бий. Ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд их болгоомжтой хандаж байгаа. Гэхдээ зүгээр суугаагүй. Иргэдийн санаа бодлыг тандах ажлыг хийхэд санал асуулгад оролцсон 40 мянга гаруй иргэний олонхи нь өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм билээ.

-Хуульд чухам ямар, ямар нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажил­лаж байгаа юм бэ?

-Нэгдмэл байр сууриа илэрхийлэх боломжгүй байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд хоёр танхимтай парламент бус нэг танхимтай парламенттайгаа байх. Харин 76 гишүүн багадаж байгаа юм. Манайх долоохон байнгын хороотой. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн гээд тус, тусдаа байнгын хороо баймаар. Ийм байлгах бололцоо байдаггүй. Байнгын хорооны хуралдаан хийхээр 39 гишүүнээр ирц бүрдээд 20 хүн л асуудал шийддэг. Ингэхээр тоо их чухал юм шиг байгаа юм.

-Таныхаар 76 гишүүнийг хэд болгож нэмэх хэрэгтэй гэж?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Жишээ нь 108, 120 болгоё ч гэдэг юм уу. Миний бодлоор УИХ-ын гишүүнийг 99 болговол зүгээр. Нэмэг­дүүлсэн мандатаар болдог бол пропорциональ тогтолцоо руу шилжүүлээд санал хураалгачиж бол­моор юм шиг санагдаад байна. Бид орон нутагт илүү эрх мэдэл олгох ёстой боловч аймаг, нийслэлийн түвшинд нэгдмэл улсынхаа хувьд төрийн удирдлагыг хүчтэй бол­гох шаардлага бий. Тэгэхээр аймаг, нийслэлийн Засаг даргыг томилж байгаа журамд өөрчлөлт оруулаад Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралтайгаа зөв­шилцөөд шууд томилдог бай­вал яасан юм бэ гэж бодож бай­гаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үүднээс аймаг, нийслэл, сум дүүргийн эрх ашгийг хамгаалах бололцоотой байх ёстой. Заримдаа Засгийн газраас хэтэрхий их оролцдог. Энэ тохиолдолд яагаад Үндсэн хуулийн Цэцэд хандаж болохгүй гэж. Хот, тосгоны асуудлыг Засаг захиргааны нэгж болгоё гэж ярьдаг. Үүнийг тодруулж өгч болно. Хот, тосгон өөрийн гэсэн ийм чиг үүрэгтэй, хүн амтай, удирдлагатай, төсөвтэй, аж ахуйтай, газартай хэмээн тодотгох шаардлага байгаа юм.

-Үндсэн хуулийг дордуулсан гэх долоон заалтыг өөрчлөх тухай ярьсан. Энэ заалтыг чухам хэрхэн өөрчилж байна вэ?

-Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага хоёр одоо холилдоод байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүний 90 гаруй хувийг бүрдүүлж байх жишээтэй. Үүнийг зохицуулахын тулд Үндсэн хуульд хязгаарлалт хийх хэрэгтэй болов уу. Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс хэтрэхгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж өөрчлөх талаар ярьж байна.

-Энэ чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Ажлын хэсэг ерөнхийдөө томъёол­чихоод байгаа. Гэхдээ санал зөрөл­дөх үе ч бий. Ер нь ажлын хэсэг ноорог боловсруулж байгаа л гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дээр ярьсан хүрээнд хязгаарлаад ирэх долоо хоногт нэг тийш нь шийднэ. Хуулийн төсөл санаачлахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авах ёстой. Хэрэв энэ чуулганд хуулийн төслөө өргөн барьж хэлэлцүүлэхгүй бол цаг хугацааны хувьд боломжгүй болно. Өөр асуудал руу тарамдалгүйгээр хэлэлцвэл наад зах нь хоёр сарын хугацаа шаардана. Өргөн бариад хэлэлцэхээр бол чуулган сунаж хуралдаж магадгүй. 

-Ярилцсанд баярлалаа

Ц.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж