
Түүнчлэн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг Улаанбаатар хот, 21 аймагт ажиллаж, нийт эрсдэлт бүлгийн 15000 гаруй хүнийг иж бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Мөн эмч нарын баг дээрх газруудад хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгооны тухай сургалтыг газар дээр нь зохион байгуулах юм. Шаардлагатай тохиолдолд эмч нарын баг мэс заслыг орон нутагт нь хийж гүйцэтгэх ажээ. Түүнчлэн хорт хавдраас сэргийлэх арга зам, амьдралын зөв хэвшлийг хүүхэд, багачууд, олон нийтэд сурталчлан мэдээлэх, сайн дурын иргэдийг сургах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Түүнчлэн “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Монгол орны нийслэл, бүх аймагт хүрч эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд орон нутгийн түвшинд сурталчлах, сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг олон шинэ санаачлагыг бодит ажил болгох юм. Мөн дэлхийн олон оронд түгээмэл байдаг эрүүл мэндийн сайн дурын сургагч багшийн сүлжээг 21 аймаг, Улаанбаатар хотод бий болгосноор Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, удирдлага дор хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга зам, мэдээллийг олон нийтэд хүргэх, орон нутгийн түвшинд зохион байгуулах хүний нөөцийг бэлтгэх зорилго агуулжээ.