Тариаланчид татварын хөнгөлөлтийг сунгахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Тариаланчид татварын хөнгөлөлтийг сунгахыг хүсч байна

Дэлхийн бусад орнуудад улаан буудай, гурилын үнэ ханш өсч буй энэ цагт монголчууд үүцээ бэлтгэхээр хаврын тариалалтаа эхэлж байна. Хаврын тариалалтын гараанаас ургац ямар байх нь шалтгаалах болохоор энэ сарын 17-нд Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Угтаалцайдам, Борнуур, Батсүмбэр сумдын хаврын тариалалтын явцтай танилцаад ирлээ.

Замын туршид хаа сайгүй хүрэнтэн харагдах тариалангийн талбайн эзэд ажилдаа хэдийнэ гарчээ. Анжис, үрлүүр, борной гэх мэт ажлын багажаар “зэвсэглэсэн” тракторууд зүүнээс баруун, урдаас хойш чиглэн урагшилна. Хамгийн эхний цэг Төв аймгийн Угтаалцайдам сумын “Агро комплекс” компанийн тариалангийн талбай. Уг компани Угтаалцайдам суманд 1000 га талбай, Борнуур суманд 250 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байгаа. Талбайн эзэд явуулын дугуйт вагончик буюу “орон сууц”-ны хамт буурь сэлгэсээр яваа аж.  Тэд хаврын тариалалтын ажлаа тогтсон хугацаандаа амжуулахаар нар ургахаас шингэх хүртэл зүтгэж, нэг талбайгаа хагалж дуусаад дараагийнх руугаа нүүдэллэнэ. Тариаланчид шинэ техникийн ид шидийг сайд, дарга нарт сонирхуулж буйдаа ихэд таатай байгаа бололтой, ам уралдан тайлбарлана. Өнгөрсөн зуунаас монголчуудын танил болсон улаан халзан тракторууд энд алга. Оронд нь орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоноглолтой ногоон, цэнхэр өнгийн тракторууд энэ талбайд “эзэн” суужээ. Ийм нэг трактор нь л гэхэд урьдын бидний ашиглаж байсан улаан халзан таван тракторын хийх ажлыг гүйцэтгэх чадалтай юмсанж. Өөрөөр хэлбэл, газраа хагалах, сийрэгжүүлэх, үрээ суургах, тэгшлэх, хор ариутгал хийх бүх ажлыг ганцхан трактор хийж гүйцэтгэнэ. Ажлыг тракторын кабинд байрлуулсан дэлгэцээр удирддаг аж. Дэлгэцэн дээр хэчнээн га талбайд хэдэн кг үр, ямар хэмжээний гүнд суулгасан гээд бүх мэдээлэл гарч ирдэг ид шидтэй гэнэ. Ерөнхий сайд гэнэт томоогүйтмээр санагдсан уу, тракторын кабинд орж ид шидийг нь үзэж харагдав.

Чехийн “Zetor”, “Farmet”  хэмээх хөдөө аж ахуйн техникийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолыг мөн энэ үеэр тариалангийн талбайн захад амжуулж ч харагдах шиг. Дээрх үйлдвэрүүдтэй хамтарч ажилласнаар ирэх оны хаврын тариалалтаас өмнө газар тариалангийн хэрэгцээт техникүүдийг Монголд угсрах үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилготой гэж “NTIC” компанийн захирал Н.Сүхбаатар онцлов. Уг үйлдвэр жилд 200-300 трактор угсрах хүчин чадал бүрдэх аж. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулбал хөлөө олж ядан буй газар тариалангийн компаниудад дэм тусаа өгөх биз ээ. Үүний зэрэгцээ үнээний ялгадаснаас метан гаргаж авах 25 квт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай биогазын үйлдвэрийг ашиглалтад оруулах санаа сэдэж яваагаа Н.Сүхбаатар захирал танилцууллаа. Тэрээр мөн Борнуурт 100 үнээний фермтэй гэнэ. Тиймээс зах зээлд сүү, мах нийлүүлэх нь ойлгомжтой. Тариа ногооны хаягдлыг үнээндээ өгнө, үнээнээс гарсан ялгадсыг цахилгаан болгон хувиргана гэх мэтээр жижиг чулуугаар том чулуу цохиж яваа энэ хүмүүсээр үнэхээр бахархам. Энэ мэтээр манай аж ахуйн нэгжүүд нэгнээс нь гарах хаягдал нөгөөгийнх нь түүхий эд болгох зарчмаар ажиллаад эхэлбэл дан ганц хөдөө аж ахуй ч бус бусад салбар амархан хөгжих юм шиг санагдаж байлаа.

1990-ээд оноос өмнө Угтаалын сангийн аж ахуй нь манай газар тариалангийн томоохон бүс байсан. Тухайн үед сумын төвд барьж байсан 90 хувийн гүйцэтгэлтэй хариугүй ашиглалтад оруулах гэж байсан 36 мянган тонн буудай хадгалах элеваторын барилга байгууламж төр эргэх түйвээнээр тоногдсоор өдгөө зөвхөн барилгын гол рам л үлджээ. Тэгвэл “2009 оноос төр  өөрийн эзэмшилд авснаар тус буудай хадгалах элеваторыг Японы Засгийн газрын 3.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар ашиглалтад оруулахаар талууд тохиролцжээ. Энэ нь ажил хэрэг болбол 2012 оны ургацыг уг элеваторт хадгалах юм. Өртөг зардал багасгах үүднээс элеваторын дэргэд гурилын үйлдвэр байгуулах ажлыг хувь иргэд санаачилж, хүсэлт ирүүлээд байгаа” гэж ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга н.Баяртулга онцолж байв.

Борнуур сумаас холгүйхэн услалтын систем хэд хэдэн голын урсгалыг нийлүүлсэн томоохон хэмжээний усан санг нуур гэж андуурмаар үзэгдэнэ.  Далангийн зүүн дор байрлах хоёр сувгаар ус сүр чимээтэйхэн урсана. Ерөнхий сайд өнгөрсөн жил Борнуур суманд ажиллах үеэр услалтын системийн даланг сэргээн засварлахыг үүрэгдсэн аж. Үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгааг энэ удаад эргэн ирж үзлээ.  966 га талбай услах систем нь 1964 онд ашиглалтад оруулсан ч 1972, 1993 онд үерийн үеэр далан сэтэрч, түүнээс хойш огт ашиглаагүй аж. Өгсөн үүрэг даалгаврын дагуу даланг 530 сая төгрөгөөр сэргээн засварлах ажлыг хийж дуусчээ. Одоо харин голын усыг хуримтлуулж газар тариалангийн усалгааг бүрэн хангаж байгаа нь байгаа аж.  Ингэснээр Борнуур суманд 5460 тонн хүнсний ногоо тариалж, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах боломж бүрдэх байгаа гэнэ.

         Албаны хүмүүс дээрх сумдад ажиллах үест багахан хөгжилтэй гэмээр явдлууд ч тохиолдож “амжив”. Угтаалцайдамаас Борнуурыг чиглэсэн цувааг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хөөрхөн “самраад” авлаа. Тэрээр Угтаалцайдам сумын төвөөс холгүйхэн малаа бэлчээрлүүлж яваа малчны зүг цуваанаас тасарч давхихад бусад нь дагаж давхилдаж цаг болзсон дараагийн ажлуудыг хожимдуулсан гэж багахан зэмлэлийг хүртээдхэв. Мөн Батсүмбэр сумын “Агро-Альфо” компанийн үйл ажиллагаатай танилцаж байх үеэр тус сумын нэгэн иргэн УИХ-ын гишүүн Д.Дондогтой уулзах хүсэлт тавьсан ч сонгогдсон сонгогчоосоо гишүүн нь “бултаж” амжив. Мэдээж сонгогчид нь түүнээс нэхэх, шаардах, хүсэлт гуйлтын аль аль нь байж л таараа. Бас Д.Дондог гишүүн сонгогчидтойгоо уулздаггүй бололтой. “Поливит” компани буюу Үдлэг өртөөнд саатахдаа түүний тарьсан чацарганыг ерөөх нэгэн буурай нэр усыг нь дахин дахин асууж харагдав.

 Батсүмбэр сумын “Агро-Альфо” компанийн усалгаатай тариалалтын талбай, “Поливит” компанийн чацарганын талбайтай танилцсанаар арга хэмжээ өндөрлөсөн юм. Төв аймагт энэ сарын эхээр орсон хур бороо газрын хөрсөнд ихээхэн чийг өгч, хаврын тариалалт сайн байгааг хэн хүнгүй энэ үеэр онцолж байв. Мөн Атрын гуравдугаар аян үр өгөөжөө өгч, тариалангийн компаниуд техник шинэчлэлийг сайн хийсэн байгаа нь ч илт. Мөн гадна, дотно явж нүд тайлсан залуус бусад улс, орны туршлагыг өөрийн хөрсөнд нутагшуулах талаар ажиллаж байгааг энэ үеэр сайшааж байв. Хаа ч очсон тариаланчид ирэх 11 дүгээр сард дуусгавар болох хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудалд анхаарал тавихыг сануулж байлаа. Тэдний энэхүү татварын хөнгөлөлтийг ойрын нэг, хоёр жилдээ сунгах хүсэлт тавьж байлаа. Тариалан эрхлэгчид энэ жилээс л хөлөө олж эхэлж байга болохоор энэ намрын ургац хураалтын дараачаас эхлэн техник шинэчлэлээ хийх хүсэлтэй байгаа аж. Ирэх намрын ургац хураалт энэ хавар, зуны хөдөлмөрт сайн, муу үнэлгээ өгөх биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж