Мөнгөний амлалтад шүүмжлэлтэй хандаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Мөнгөний амлалтад шүүмжлэлтэй хандаж байна

Иргэд бэлэн мөнгөний амлалт, тендерийн хууль, төрийн албаны зөвлөлийн ажилд шүүмжлэлтэй хандаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Дундговь аймагт ажиллах үеэрээ Мандалговь хотын иргэдтэй уулзалт хийсэн.

Дундговьчууд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдалд цогцоор нь анхаарч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд санаачилгатай ажиллаж, монгол зан заншил уламжлалыг хадгалж, дэлгэрүүлэх талаар зарлиг, шийдвэрүүд гаргаж буйд талархаж байгаагаа илэрхийлэв. Ялангуяа оюутны тэтгэлгийн хуулийн төсөл, иргэд, орон нутагт эрх мэдлийг өгөх чиглэлээр гаргасан санаачилгууд, архинаас татгалзах уриалга, ашигт малтмалын лиценз олголтыг түр зогсоосон зэрэг нь цаг үеэ олсныг онцлон дурдаж, энэ талаар санал бодлоо хэлж байлаа. Ашигт малтмал, эрдэс баялгаа хэрхэн эзэмшиж, зарцуулах талаар иргэд маш их асуудаг. Энэ уулзалтын үеэр мөн иргэд Таван толгой, Оюутолгой болон бусад алт, нүүрс, ураны ордын талаар мэдээлэл хүсч, Ерөнхийлөгчийн байр суурийг сонирхов. “Дэлхий даяар хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нүүрсээр хангах боломж багасч, хүмүүс эрчим хүчийг цөмийн эрчим хүчээр болон бусад аргаар шийддэг болж байна. Тийм учраас нүүрсээ үнэ хүрч байгаа дээр зарж, борлуулж , ашиглах хэрэгтэй. Саяхныг хүртэл манай улсын төсвийн тодорхой хувийг зэсийн орлогын татвар бүрдүүлж байсан бол одоо нүүрс борлуулсны орлогын татвар түүнээс давж эхэлж байна. Хэдэн жилийн өмнө бид ашигт малтмалын талаар бусдаас гуйх, аль болох тэдэнд ээлтэй байлгах талаар бодлого явуулж хуулиа ч тийм байдлаар боловсруулдаг байсан. Тэгвэл өнөөдөр гадныхан биднийг ирж гуйдаг болсон байна. Одоо бид эрх ашгаа гаргаж тавих болжээ. Тухайлбал аливаа ашигт малтмал дээр олборлолт хийгээд ашиглахад орон нутгийн зөвшөөрөл гэж байх ёстой. Дундговийн ашигт малтмалыг энэ аймагт шийддэг, тэгээд тодорхой нөхцөл тавьдаг байя. Хэдэн ажлын байр, хэдэн төгрөгийн орлого, ямар бүтээн байгуулалт, ямар хөрөнгө оруулалт хийх зэргээ төлөвлөгөө гаргаад баталдаг баймаар байна. Энэ мэт өөрчлөлтийг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Ер нь архины зөвшөөрлийг Засгийн газар шийддэг хэрнээ ашигт малтмалын лицензийг нэг агентлаг, нэг мэргэжилтэн шийддэг байж болохгүй, үүнийг Засгийг газар шийддэг байх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч ярилаа. Иргэд тендерийн хууль, төрийн албаны зөвлөлийн ажлыг шүүмжилж, эдгээр хуулиудыг өөрчлөх хэрэгтэй хэмээн саналаа хэлж байсан. Мөн бэлэн мөнгөний амлалт дахиж өгүүлэхгүй байх хууль санаачлахыг Ерөнхийлөгчөөс хүсч, мөнгө тараахын оронд хүмүүсийнхээ цалин ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой гэдэг байр сууриа хэлж байсан юм. Уулзалтын төгсгөлд Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол” уриалгыг дэмжиж “Архигүй аймаг, Айрагтай аймаг” болох зорилт тавьсан болохоо дуулгалаа. Дундговьчууд орон нутгийн удирдлагын энэ шийдвэрийг талархан хүлээж авав. Ерөнхийлөгч Дундговь аймгийн иргэдэд хандан архигүй, айрагтай, найрагтай, дуу хууртай нутгаа хөгжүүлэхийг хүсэн ерөөснөөр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж