Вашингтоны Шинжлэх ухаан ба Үндэсний аюулгүй байдлын институт (ISIS) Сирийн нутаг дэвсгэр дэх цөмийн нууц байгууламжууд байж болох объектуудын сансраас авсан цуврал гэрэл зургуудыг нийтэлсэн байна. Мэдээлэл нь Suddeutsche Zeitung сонинд анхлан гарч бусад хэвлэлээр тараагджээ.
Марж ас-Султан хотын захад “шар бялуу” гэгдэх тусгай хольцоос уран баяжуулах байгууламж илрэв. Илэрсэн байгууламж нь хоёр үндсэн байшингаас бүтсэн ба цэргийн баазын дэвсгэрт байрлаж байна. Энэ үйлдвэр нь Аль-Кибарын (Даир аз-Зура хотын) цөмийн тогооны материалыг үйлдвэрлэх ёстой гэнэ.
Баригдаж байсан цөмийн тогоог нь Израиль бөмбөгдөн устгасны дараа Марж ас-Султаны энэ байгууламжийн жинхэнэ зориулалтыг Сирийн эрх баригчид нуухаар оролдон Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын шинжээчдийг тэнд оруулаагүй юм. Уг байгууламжийн орчинд 2008 оноос барилгын ажил хийгдэж байсныг ISIS тэмдэглэжээ.
Марж ас-Султаны үйлдвэрээс гадна Аль-Кибарыг оролцуулсан цөмийн өөр гурван байгууламж Сириэс илэрлээ. Эдгээр байгууламжуудыг илрүүлсэн нь өмнө тооцож байснаас илүү хөгжсөн цөмийн хөтөлбөр Сирийн удирдлагад байжээ гэх дүгнэлтэд хүргэлээ.
Саяхан илэрсэн байгууламжууд нь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Сирид үзүүлэх шахалтаа чангатгана хэмээн The Wall Street Journal сонин үзэж байна. Агентлаг эрх баригчдаас зөвшөөрөл авахгүй “онцгой шалгалт” хийх боломжийг хайж байгаа хэмээн өмнө мэдээлсэн байлаа. Хамгийн сүүлд тийм арга хэмжээг 1993 онд БНАСАУ-д явуулсан бөгөөд тэр нь тэднийг цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь саад болж чадаагүй билээ.
Сирийн эх сурвалжууд ISIS-ийн баримтад тайлбар хийгээгүй байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хэвлэлийн мэдээнд тайлбар хийх боломжгүй гэжээ.