АНУ Ливийн эсрэг хориг арга хэмжээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

АНУ Ливийн эсрэг хориг арга хэмжээ авлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Каддафийн эсрэг шийдвэртэй хөдлөхийг уриалжээ.

    АНУ Каддафийн Засгийн газрын хөрөнгө, дансыг хааж, Ливийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээг авлаа. Ливид хүний эрх ноцтойгоор зөрчигдөн хэдэн мянган хүн улс орноосоо зугтаж байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй хөдлөх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Ливийн эсрэг хориг арга хэмжээ авахыг НҮБ-д тус улсыг төлөөлж буй ч дэглэмийг эсэргүүцэж байгаа төлөөлөгчид нь дэмжлээ. Каддафи өөрийгөө дэмжигч­дийг зэвсэглэхийг уриалсан ба шаардлагатай гэвэл зэвсгийн агуулахуудаа нээж, Ливийг “галын дөл” болгоно гэж амлажээ. Түүний хүү Сайф босогчидтой хэлэлцээрт орохоос буцахгүйг хэлсэн байв. Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээг АНУ авчээ. Ерөнхийлөгч Барак Обама энэ хагас сайн өдөр буюу хоёрдугаар сарын 26-нд Ливийн  Засгийн газар, Каддафи болон түүний ойрын хамсаатнуудын хөрөнгө, дансийг хаасан шийдвэрт гарын үсэг зурсан байна.

    Занал, дүрвэгсэд ба хүнсний хямрал
    Обамагийн мэдэгдэлд өгүүлэхдээ Ливид хүний эрх зөрчигдөж, ард түмний эсрэг хүч хэрэглэж байгаа Каддафийн занал хийлэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хатуу эсэргүүцлийг бий болгож байна гэжээ. Энэ хориг арга хэмжээ нь энгийн ливичуудыг хамгаалж, эрх баригчдынх нь эсрэг чиглэгдсэн гэж Обама мэдэгдлээ. Өмнө нь Каддафийн гэр бүлийн мөнгө, дансанд Швейцарь хориг тавьсан байлаа. Ийм арга хэмжээ авахаа Их Британи, Нидерланд зарлаад байгаа билээ.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өөрийн талаас мэдэгдэхдээ Ливийн Засгийн газар хүний эрхийг үргэлжлүүлэн зөрчсөөр байна гэжээ. Түүнд байгаа мэдээллээр 22 мянга орчим ливичууд Тунист, 15 мянга орчим нь Египетэд зугтан дүрвэсэн байна. Яваж чадаагүй хүмүүсийн тоо улам ч их байгаа ажээ. Дүрвэгсдийг занаж зүхсэн, мөрдөн мөшгисөн олон тооны мэдээлэл байгаа гэнэ.  Хөрш орнууд нь хилээ нээлттэй байлгах ёстой гэж Бан Ги Мун мэдэгдлээ. Импорт тасалдаж, тус улсад хүнсний бүтээгдэхүүний хуваарлалтыг хийхэд хүчирхийлэл саад болж буй учраас Ливид хүнсний хомсдол үүсээд байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.

    НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “шийдэртэй хөдлөх цаг боллоо” хэмээн Бан Ги Мун уриалсан байв. Өмнө нь Каддафийн дэглэмийн эсрэг зарим хориг арга хэмжээ авахыг төлөвлөсөн Ливийн байдлын талаарх НҮБ-ын тогтоолын төслийг Франц, Их Британи хоёр  өргөн барьсан байна. Санхүүгийн хориг, зэвсэглэл нийлүүлэхэд нь хориг тавих, Ливийн удирдлагын хүний эсрэг хэргийг Гаагийн олон улсын эрүүгийн шүүхэд өгөх үйлдлийг эхлүүлэх зэрэг арга хэмжээг тэнд тусгажээ.

    “Галзуу”
    НҮБ-д суугаа Ливийн төлөөлөгчийн орлогч Ибрагим Даббаши Нью-Йорк хотноо хэвлэлийн бага хурал хийлгэн Каддафийг галзуу гээд тэр хаашаа ч зайлахгүй, эцсээ хүртэл тэмцэлдэх учраас үймээнээр олон мянган ливичууд амиа алдаж байгааг анхаарууллаа. НҮБ-д суугаа Ливийн төлөөлөгч Мохаммед Шалхам хэдхэн хоногийн өмнө Каддафийг найзаа гэж нэрлэж байсан ч бас л түүнээс салж буйгаа мэдэгдсэн  билээ. Каддафийн армийнхан жагсагчдын эс­рэг хүч хэрэглэж байгаад итгэж чадаагүй  гэж Шалхам хэлээд тэрбээр бослогыг дарахаар уриалж буйг харснаас хойш Ливийн удирдлагын эсрэг хориг арга хэмжээг дэмжиж байна гэжээ. Ливийн дипломатууд гадаадын цэрэг оруу­ла­хыг өмнө нь шаардаж байв. Армийн офицерүүд жагсагчидтай нийлж байлаа. Исламын нөлөө бү­хийн шашны  зүтгэлтэн ливичуудад хандан Кад­дафийг харагдсан газраа буудахыг уриалсан юм.

    “Зэвсгийн агуулахуудыг нээнэ”

    Ливийн нийслэлд аюулгүйн албаныхан дахиад л жагсагчдыг буудлаа. Мөргөлдөөн баасан гаригийн мөргөлийн дараа хүмүүс хотын дүүргүүдэд цугларч эхлэх үеэр гарчээ.

    Энэ үеэр Ливийн телевиз хуучин хотын Ногоон талбайд Каддафи өөрийн талынхны өмнө үг хэлж байсныг харуулж байлаа. Хэлсэн үгэндээ тэрээр ард түмэн ба нефтиэ тус улсын ихэнх нутагт хяналтаа тогтоосон Засгийн газрын эсрэг элементүүдээс хамгаалахын тулд зэвсэглэхийг уриалав. “Бид ямар ч аюул заналыг устган дарна. Шаардлагатай гэж үзвэл бид зэвсгийн агуулахуудаа нээнэ. Ливийн гэр бүл бүрийг, хүмүүсийг толгой дараалан зэвсэглэнэ. Ливи нь шатаж буй нүүрсний утаа болно” гэж хурандаа Каддафи амлажээ.

    Хэлэлцээр байж болно
    Каддафийн хүү Саиф аль-Ислам гадаадын сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ливийн байдлын талаарх сурвалжлага нь үймээний хохирогчдын талаар хэт ихэсгэсэн тоо баримттай “арабын дайсганасан телевизийн сувгуудын” явуулж байгаа мэдээллийн дайны хэсэг болж байна гэж тэр сануулав. Ливийн нисэх хүчин энгийн иргэдийг бөмбөгдөөгүй харин дайсны гарт орсон зэвсгийн агуулахуудыг бөмбөгдсөн гэж Саиф Каддафи хэлэв. Гэрч нар галын наадмыг буудалцаан гэж үзэж байсан гэж тэр хэлэв. Сануулахад, зарим нэг мэдээллээр үймээн самууны үеэр мянга орчим хүн амиа алдаад байгаа ажээ.

    Бага Каддафи жагсагчдыг улс орныхоо асуудлыг исламын “афган шийдвэрээр” шийдэх гэж байна хэмээн буруутгалаа. Тэрээр арми нь баруун хэсэгт хяналтаа тогтоосон асуудал зөвхөн зүүн хэсгийн Мисрат ба Завийя хотуудад л гарч байна гэв. Тэнд террористууд байна гэж тэр ярив. Ливийн Засгийн газар босогчид руу довтлохгүй харин тэдэнтэй хэлэлцээр хийхээр шийдсэн хэмээн Саиф Каддафи мэдэгдээд хэлэлцээрийг бямба гаригт эхлэнэ гэсэн байв.

    Ш.САМБУУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж