Баритон хоолойтны бүх дүрийг хүлээж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Баритон хоолойтны бүх дүрийг хүлээж байгаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe best songs-2010” наадмын ялагч, дуучин Б.Жавхлантөгстэй ярилцлаа. Өнөөдөр түүний “Сонгодог агаар” нэртэй тоглолт  үзэгчдийн хүртээл болох юм.

    -“Сонгодог агаар” гэ­дэг нэ­рээ­сээ эхлээд тан­­саг сон­согдож бай­на. Тоглолт хийх са­нааг анх хэн гаргасан бэ?
    -Өнгөрсөн оны тавдугаар сард нэг тоглолт хийх гэж байгаад тэмцээний улмаас хойшлуулсан юм. Сая ар­ван­­хоёрдугаар сараас най­зууд­даа саналаа хэлж, тог­лолтынхоо бэлтгэлд орсон. Тоглолт хийх бол миний санаа.

    -Тоглолтын нэрийг хэн өгсөн бэ?
    -Энэ нэрийг нэлээд ярьж байж шийдсэн. Нэг их айхтар утга байхгүй. Гэхдээ энэ хотын агаарыг хар л даа. Манай тоглолт хоёр цаг үргэлжлэх байх. Энэ хоёр цагийн дотор бага ч гэсэн тайвшралыг аваасай гэж хүссэн. Нэрээ өгөх гэж өдөржингөө юм болсон. Нэг орой “за бүгдээрээ нэрээ бодоод ирээрэй” гэсэн байдаггүй, маргааш нь гурван цаг сууж ярилцаж байж “Сонгодог агаар” нэрийг өгсөн.

    -Ингэхэд та бие дааж тоглолтоо хийхгүй юм уу?
    -Би төлөвлөж байгаа. Ирэх тавдугаар сард хийх санаа байна. Ямар ч байсан эхний ээлжинд найзуудтайгаа хамтдаа нэг баг болоод “Сонгодог агаар” тоглолтоо хийхээр зорилоо. Тоглолт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Манай цагдаагийн “Сүлд” чуулга сая 2008 онд шинэ бүрэлдэхүүнээр байгуулагдсан. Би энэ чуулгад ороод хагас жил болж байна. Тиймээс чуул­гатайгаа хамтарч тоглолт хийхээр зорьсон.

    -Тэгвэл цомгоо гаргах уу?
    -Би арванхоёрдугаар са­рын дун­даас цом­гийн ажил­­даа орсон юм. Би чинь бо­ловс­ролын тал дээр сэхээтэн айлын хүүхэд, амьдралын боломжийн хувьд бол дундаж айлын л хүүхэд. Юуг нь нуухав. Санхүүгийн талаар зогсчихсон байна. Уг нь сая тоглолтынхоо өмнө гаргачих санаа байсан юм. Одоогийн байдлаар 50 хувьдаа хүрээд зогсчихсон байна.

    -Тоглолтод ямар, ямар уран бүтээл эгшиглэх бол?
    -Тоглолт хоёр хэсгээс бүр­дэж байгаа. Эхний хэсэгт Монголын алдартай хөгж­мийн зохиолчдын дуурийн ари, дуэт, мэргэжлийн дууг дуулна. Хоёрдугаар хэсэг дан гадаадын сонгодог дуу­рийн аригаас бүрдэж байна.

    -Монгол дуурийн ари­гаас ч гэсэн та дуулна биз дээ?
    -Миний хувьд энэ удаад монгол мэргэжлийн дуунаас дуулахгүй. Хоёр дахь хэсгээ би өөрөө эхлүүлээд, дан гадны сонгодог дуурийн ариг дуулна.

    -Тоглолтын тасал­ба­рыг 30 мянган төгрөг гэ­сэн, зарим хүн үнэ­тэй байна гэж буй бололтой?
    -Магадгүй ээ. 30,000 гэдэг өндөр л дөө. Яагаад ингэж үнэлсэн бэ гэхээр бид өөрсдөө хөдөлмөрлөж байна. Багш нар маань дуурийн нэг ариг дуулахад уурхайн гүнд гурван цаг ажилласантай тэнцэхүйц энергийг зар­цуул­даг гэж хэлдэг. Тийм их энерги, хүч зарцуулж байж ингэж үнэлэхгүй бол болохгүй шүү дээ. Бид цаашид уран бүтээл хийж, өөрсдийгөө хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхгүй дан ганц өөрөө зүтгээд л яваад байх юм бол уусаад, замхраад үгүй болно л гэсэн үг.  

    -Нэр гэснээс өөрийн тань нэр их гоё. Энэ нэрийг хэн өгсөн бэ?
    -Бодвол аав, ээж хоёр маань өгсөн байлгүй. Би энийг ёстой асууж бай­гаагүй юм байна. Гэхдээ манайх аав, ээжээс олуулаа. Надад тоглоомоор хэлсэн ч юм уу, нэг удаа хүүхдүүдээ төгсгөх гэж Жавхлантөгс нэрийг өгсөн гэж байсан. Одоо би чинь доороо хоёр дүүтэй.

    -Тэгвэл төгсөөгүй бай­на ш дээ?
    -Тийм ээ, төгсөөгүй. Ма­най хоёр дүүг Идэржавхлан, Маралжавхлан гэдэг юм. Манайх аав, ээжээсээ та­вуу­­лаа. Би ахтай, эгчтэй, эрэг­тэй, эмэгтэй дүүтэй хүн дээ.

    -Ингэхэд хэзээ СУИС-ийг төг­сөх вэ, сур­гуу­лиа төгсөөд юу хийхээр төлөвлөж байгаа бол?  
    -Энэ хавар Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төг­сөнө. Сургуулиа төгсөөд намар гадаад руу сургуульд явах төлөвлөгөөтэй байна.

    -“Universe best songs-2010” наа­дамд оролц­­со­ноор амьдралд тань маш их өөрчлөлт гарсан байх?

    -Энэ наадамд оролц­соноор миний зам илүү дөт болсон гэж боддог юм. Дөрвөн жилээр товчлогдсон болов уу.

    -Ингэхэд яагаад заавал дуу­рийн дуучин боло­хоор шийдсэн бэ?

    -Яагаад сонгос­ноо сайн мэд­­дэг­гүй ш дээ. Би цэцэр­лэгт байхаасаа эхлээд л дуул­даг байсан. Ер нь наймдугаар анги хүртлээ эстрадын дуу дуулж, дун­дуур нь хип хоп үглэдэг байсан.

    -Тийм үү, хип хоп үглэдэг байсан гэж үү?
    -Тийм ээ, гэхдээ тэгж айх­тар нэрд гараад байх­гүй. Би өөрөө Завхан айм­гийн уугуул иргэн. Завхан­даа хүүхдүүдтэй нийлж дуул­даг байсан. “Би эстрадын дуучин” тэмцээнд маш олон удаа оролцож байсан. Гэхдээ нэг ч удаа түрүүлж үзээгүй. Ер нь аравдугаар анги хүртлээ нэг ч тэмцээнд түрүүлж үзээ­гүй. Дандаа хоёрдугаар байрт шалгарчихдаг байсан. Одоо гэрээр дүүрэн мөнгөн медаль, баярын бичиг маань бай­даг. Оюутан болоод л тэм­цээнд түрүүлж эхэлсэн дээ.

    -Ингэхэд таны хам­гийн анх хөл тавьсан тайз?
    -Бодвол цэцэрлэгийн тайз л байлгүй дээ. Тэр чинь адилхан л тайз шүү дээ. Цэцэрлэгт байхад “Одод болохын хүслэн” билүү, нэрийг нь сайн санадаггүй юм. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гэж их дуулдаг байсан юм.

    -Тэгвэл Б.Жавх­лантөг­сийн мөрөөдлийн дүр хэн бэ?
    -Би багаасаа хүүхэлдэйн кино үзэх дуртай байсан. Одоо ч гэсэн хүүхэлдэйн кино үздэг. “Том Жерри” хүүхэлдэйн кинон дээр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фига­ро­гийн ариг дуулдаг ш дээ. Тэрийг дагаж багадаа орил­дог байсан. Үгийг нь мэдэх­гүй худлаа ла ла ла гээд л дуул­даг байлаа. Магадгүй энэ үеэс эхлээд дуурийн дуу­чин болох хүсэлтэй болж, мөрөөдөж эхэлсэн байх.

    -Тэгвэл “Севилийн үс­чин” дуурийн Фига­ро­гийн дүр гэж ойлгож болох нь ээ?
    -Тийм ээ. Гэхдээ би бари­тон хоолойтой дуучин болж байгаа. Тиймээс баритон хоолойтны бүтээдэг бүх л том дүрийг хүсч, мөрөөддөг байсан бол одоо зорилгоо болгоод явж байна.

    -Дуурийн дуучид өдөрт маш олон цаг бэлтгэл хийдэг, таны хувьд өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

    -Ер нь цаг гарвал байнга л бэлтгэл хийдэг. Машиндаа ч явж байхдаа, гадуур явж байхдаа ч байнгын бэлт­гэлтэй байдаг. Энхийн цагт хөлс их гарвал, дайны цагт цус бага урсана гэдэг ш дээ.

    -Тайзан дээр гарах бүртээ сандардаг уу?
    -Ер нь бол багахан хэмжээний сандрал байна. Огт сандрахгүй байна гэ­дэг бол хамгийн муу зүйл. Яагаад гэвэл тэр хүн дуулахад, жүжиглэхэд бэлэн болоогүй байна гэсэн үг.

    -Та хэр хошин хүн бэ, телевизээр бол да­руу­хан хүн шиг харагддаг?
    -Би нэлээн хошин шүү. Гэхдээ хошигнох байдлаа гэр бүл найз нөхдийнхөө дунд гаргадаг. Түүнээс бол хамаагүй гадуур хошигноод байхыг хүсдэггүй.

    -Хошин гэхээр хүнд бол сайн хоч өгнө биз?
    -Хоч өгнө өө, өгнө. Манай найзуудын ихэнх хочийг би өгсөн.

    -Энгийн үедээ та ямар сти­лиэр хувцаслах дур­тай вэ?
    -Би одоо энгийн явж байгаа минь л энэ ш дээ. Ингээд л байнга хослол өмсөөд явдаг. Арван жилдээ би хослол өмсч байгаагүй. Ихэвчлэн бэлтгэлийн хув­цастай яв­даг бай­сан. Одоо бол дан­даа хослол өмсдөг. Хаяа чөлөөт хувцас өмсдөг л дөө. Ажлын өдрүүдэд бол байнга хослолтой эсвэл дүрэмт хувцастайгаа явдаг. Би чинь цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, дэслэгч цолтой.

    -Нээрээ та Германд очиж, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуу­рийг үзсэн, хааны суу­далд сууж үзсэн байх аа?
    -Тийм ээ. Германы Мюн­хен хотод Бавар үндэстний хаан амьдардаг байсан. Тэр хаан нь өөртөө зориулж дуурийн театр бариулж байсан юм билээ. Яг тэр хааны суудаг байсан хааны лоожинд би сууж үзсэн. Үнэхээр гайхалтай акустик, дээшээ зургаан давхар агуу том гайхалтай театрт орж үзсэн дээ. Германчууд шинэ барилга барьсан ч гэсэн уран баримал шиг, хуучны загвараар нь барьдаг. Яг тэр орчинд сурах юм бол сонгодог урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь сурах юм шиг санагдсан учир би ирэх намар зориглож байгаад гадаадад сурах бодолтой байна даа. Сургуульд су­раад Монголдоо ирээд уран бүтээлээ хийнэ, бас дэлхийд Монголоо таниулах дуу­рийн дуучин болно доо.

    -Баярлалаа, уран бү­­тээ­­лийн өндөр амжилтыг хүсье.

    М.Дөлгөөн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж