Стивен Жеррард ресторан байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Стивен Жеррард ресторан байгуулна

Английн Премьер лигийн “Ливерпуль” клубын ахлагч Стивен Жеррард Мерсисайдад өөрийн гэсэн ресторан нээхээр болжээ. Өдгөө 29 настай хагас хамгаалагч тэрбээр алдартай, томоохон ресторан болон зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Паул Адамстай хамтран ДАШТ-ий өмнө амжиж, энэ сарын сүүлчээр Мерсисайд мужийн далайн эргийн дагуух Саутпорт хотод “Warehouse Kitchen & Bar” нэртэй шинэ ресторанаа нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Стивен Жеррард өөрөө “Warehouse”-д дуртай, байнгын үйлчлүүлэгч нь гэнэ. Шинэ рестораны өнгө төрх, интерьер дизайн зэргийг нууцалж байгаа боловч ойрын эх сурвалжийн мэдээгээр поп хөгжим сонирхогчдын стиль гэгддэг Нью-Йоркийн хипстер байдлаар тохижуулах бодолтой байгаа ажээ. Тэрбээр шинэ бизнесийнхээ талаар “Миний өмнөх ярилцлагуудыг сөхөж харвал, би үргэлж л Warehouse-д дуртай гэдгээ хэлдэг байсан. Би тэндхийн хоолонд дуртай, сүүлийн хэдэн жилийн турш тэднийхээр үйлчлүүлж байна. Учир нь амттай сайхан хоолтой, орчноо ч гайхалтай бүрдүүлсэн. Тиймээс миний хувьд Паултай хамтарч ажиллана гэдэг сайхан санагдаж байна. Манай ресторан сайхан хоолтой, сайхан орчинтой, ирсэн хүмүүс дахин үйлчлүүлэх хүсэлтэй гараасай гэж хүсч байна. Би анх удаагаа рестораны бизнест хөл тавьж байна. Гэхдээ миний үндсэн зорилго, ажил үргэлж хөлбөмбөгийн талбайд ундарч байх болно гэдгийг хэлэх нь зүйтэй” гэжээ. Жеррард, Адамс нар хамтран “Warehouse Kitchen & Bar” ресторанаа өргөжүүлж, цаашид Ливерпуль, Честер, Манчестер зэрэг хотод салбарлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж