
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс хойш зарлагдсан ч хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор хуралдаанаа хойшлууллаа. Тухайлбал, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг сайтар хянах шаардлага байгаа тул завсарлага авч байгаагаа мэдэгдэв. Дээрх хуулийн төсөл дээр тус намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд өчигдөр бүлгийн хуралдаанд ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж, зарим үүрэг чиглэлийг авсан ч хараахан энэ ажил дуусаагүй бололтой.
Мөн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт багтсан Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүд байсан ч харьяалах яамны сайдууд хүрэлцэн ирж, танилцуулга хийгээгүй тул хойшлууллаа.
Г.Дарь