
“Эрдэнэс MGL”-ээс Тавантолгойн орд газартай холбоотойгоор хоёр ч тендерийг зарлаад байгаа. Нэгдэх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консорциумыг шалгаруулах тендер. Энэхүү тендерт оролцохоор гадаад дотоодын 15 компани Үнэлгээний хорооныхонд материалаа ирүүлээд буй. Үнэлгээний хорооныхон оролцогчдын материалыг хүлээж аваад 25 хонож буй бөгөөд “Эрдэнэс MJL”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс тодруулахад, тендерт оролцогчдын хураангүй жагсаалт ирэх долоо хоногт гарна хэмээн хариулсан юм. Хураангүй жагсаалтад багтсан оролцогчийг “Эрдэнэс Тавантолгой”-н ажлын хэсэг хэлэлцээрийн ширээнд урих юм. Энэхүү хэлэлцээрээс бүх юм шалтгаалах бөгөөд ажлын хэсгийнхнээс онц үнэлгээ авсан оролцогч Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрхтэй болно.
Дашрамд дахин сонордуулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд зуучилж өгөх IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор Германы Дойче банк, АНУ-ын Голдман Сакс банкийг байж болно гэсэн сонголтыг монголчууд хийгээд буй. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын Би Эн Пи Париба банк, Австралийн Маквэари банкийг тус тус сонгосон. Гэхдээ дээрх банкуудыг хэлэлцээрт урьсны дараа л “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн хөрөнгийн зах зээлд гаргах, зуучлах, мөнгө босгох асуудлууд яригдана.
IPO хийх зөвлөх банкуудыг сонгож авахдаа хувьцааг арилжаалах бүс нутгийн төлөөлөл, ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээр явуулдаг үйл ажиллагаа, ирүүлсэн санал зэргийг нь харгалзан үзсэн бөгөөд ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулагч банкуудын шалгаруулалтын талаар хэлэлцэх гэнэ.
Ж.Эрхэс