
Илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх төдийгөөр өнгөрөх биш хамгийн гол нь бодит ажил болгох нь чухал байгааг “Coаl Mongolia-2011”-ийнхон онцолж буй. Хоёр дахь өдрийн гол сэдэв нь Тавантолгойн төсөл байлаа. Тавантолгойн ордоо Монгол Улсын Засгийн газар хэрхэн ашиглах нь нэгэнтээ хуулийн дагуу тодорхой болсон бөгөөд тус ордын талбай, лиценз бүхэлдээ “Эрдэнэс MGL” төрийн өмчит компанийн мэдэлд байгаа гэдгийг уул уурхайн “фанат”-ууд маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хийж буй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй алхмууд, ажил хэргүүдийн талаарх мэдээллийг гадаадынхан хангалттай сайн авч байгаа. Гэсэн хэдий ч “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш энэхүү төслийн талаар танилцуулсан юм.
Тавантолгой ба Овоот, Хөшөөтийн төсөл
Тавантолгойн ордын 6.4 тэрбум тонн нөөцийн 1.4 тонн нь коксжих нүүрс бөгөөд 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс аж. Мөн нөөцийг тогтоох олон улсын стандартын Жорк аргачлалаар тооцоолбол уг ордын нөөцийн хэмжээ өсөх боломжтой гэнэ. Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” уурхай ажлаа эхлүүлж, өнгөрсөн хугацаанд 535.191 шоо метр уулын цулыг хуулах ажил хийсэн байна. Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах Цанхийн баруун хэсгийн нөөц 1.2 тэрбум тоннын нөөцтэйгийн 65 хувь нь коксжих нүүрс, “Эрдэнэс Тавантолгой” дангаар эзэмших Цанхийн зүүн хэсэг нь 1.078 тэрбум тонн нөөцтэйн 78 хувь нь коксжих нүүрс юм байна. Ерөнхийдөө сүүлийн үед сонин хэвлэлээс салахгүй байгаа тендерийн асуудал болон IPO хийх хөрөнгө оруулагч банкаар Английн болон Германы банкуудыг сонгоод байгаа талаар тодорхой мэдээллүүдийг Б.Энэбиш дарга өгсөн. Тавантолгойн төслөөс гадна Овоот, Хөшөөтийн коксжих нүүрсний төслийн талаарх танилцуулга өрнөсөн юм. Овоотын орд газрын нүүрсний нөөц 150 сая тонн. Овоотын орд газрын төслийг “СаусГоби Энержи Ресурс” ХХК хариуцан хэрэгжүүлж байгаа юм. “СаусГоби Энержи Ресурс” ХХК-иас Монголд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, байгалийн нөөцийг ажлын байр, хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжил болгоход чиглүүлсэн төслүүдийнхээ үйл ажиллагааг түргэсгэхэд анхаарч буйгаа илэрхийллээ. Мөн нэмэлт хөрөнгө оруулалт татсанаар томоохон хэмжээний нүүрс угаах үйлдвэр байгуулж, манай хэрэглэгчдэд хүрч буй бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн боловсруулалт хийх боломжтой болохоо чуулганы индэр дээрээс дуулгав. Хувьцааны арилжаанаас босгосон хөрөнгийг Овоот толгойн уурхайг өргөтгөх, бүс нутгийн ачаа тээвэрлэлтийн дэд бүтцийг хөгжүүлэх, нэмэлт үйлдвэрүүдийг байгуулахад зарцуулах гэнэ лээ. Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн нутагт оршдог бөгөөд дэлхийд томд тооцогдох нүүрсний орд газар юм. Одоогийн байдлаар “Монголиа Энержи Корпораци” тус уурхайг 460 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцоолоод байгаа хэдий ч нөөцийн хэмжээ цаашид өсөх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. “Монголиа Энержи корпораци” Хөшөөтийн уурхайн нөөцийг 19 жил ашиглана хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд энэ хугацаанд тус уурхайд хийгдэх хөрөнгө оруулалт гурван тэрбум ам.долларт хүрч болзошгүй юм байна.
Нүүрсээ түүхийгээр нь гаргах бус боловсруулах
Чуулга уулзалтын дараагийн сэдэв нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал. Өнөөдөр дотоод, гадаадад зарж, борлуулж буй нүүрсний үнэ хамгийн хямд байгаа. Энэ салбарыг хөгжүүлье гэвэл нэн түрүүнд үнийг чөлөөлөх хэрэгтэйг мэргэжилтнүүд ярьдаг. Тэгвэл 2014 он гэхэд нүүрсний үнийг бүрэн чөлөөлөх боломжтойг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сонордуулсан. Мэдээж, хэрэглэгчдэд тодорхой ачаалал ирэхийг үгүйсгээгүй бөгөөд үүнийг төрөөс эвтэйхнээр зохицуулахаа амлав. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийг чөлөөлөх асуудлаар эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх бодлогыг баримтлах ажээ.
Нөгөөтэйгүүр нүүрсээ экспортлоход машинаар бус төмөр замаар тээвэрлэх нь эдийн засгийн онцгой ач холбогдолтой бөгөөд Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах хамгийн ойрхон боомт бол Тяньжин. Энэхүү боомтоор Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах асуудал яригдаж байгаа гэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд энэ бол том боломж бололтой. Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах болсонтой зэрэгцээд төмөр зам барих ажил өрнөж байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас Тавантолгойн-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замыг хоёр жилд багтаан барьж дуусгахаар болсноо хөрөнгө оруулагчдад дуулгасан. Шинэ төмөр зам барих геодези, геологийн ажлууд хэдийнэ эхэлсэн байна. Дээрх төмөр замын даланг барих ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэх гэнэ. Төмөр зам тавих ажлын хүрээнд нийт 20 орчим компани ажиллахаар болжээ. Эдгээр компаниуд тус бүрт эхний ээлжинд 80 км замыг тэнцүү хуваарилан өгсөн байна. Энэ мэтчилэнгээр Монгол дэлхийн эрчим хүчний салбарт хэрхэн тоглох бэлтгэлээ хөрөнгө оруулагчдад дуулгасан бөгөөд чуулга уулзалтын хамгийн чухал нь бодит үр дүн юм. Монголчууд хангалттай ярьж, зөвлөлдсөн одоо л ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэр болгон боломж олддоггүй гэдэг болохоор гэх үгийг чуулга уулзалтад оролцож буй эрхмүүд амнаасаа унагана лээ. Өөрөөр хэлбэл, шинэ тоглогчийг яаравчлахыг хөрөнгө оруулагчид сануулж байна. Тэд нүүрсээ түүхийгээр нь зарах бус боловсруулахад анхаарахыг зөвлөж байгаа юм.