
Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах орон нутаг дахь төвийг түшиглэн аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нээлттэй өдөрлөгийг хийж байгаагийн зэрэгцээ Төв аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй эрхэм төрийн түшээдтэй иргэд, сонгогчид та бүхэн биечлэн уулзаж, харилцах өргөн боломж нээгдэж байна гэдгийг тэмдэглэн хэлсэн.
Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хугацаанд УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд түгээн сурталчлах, хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгоход өдөрлөгийн зорилго оршиж байгаа юм. Мөн хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн зүгээс хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнах нөхцөл бүрдэж буйг дурдах нь зүйтэй хэмээсэн юм.
Монгол Улс парламентын засаглалын хэлбэрийг сонгож, Үндсэн хуулиараа баталгаажуулан, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлж, нэг танхим, 76 гишүүнтэй, байнгын ажиллагаатай Улсын Их Хурлыг байгуулан ажилласнаас хойш хорин жил болж байна. Ийнхүү 1990 оноос эхлэн Парламент хэмээх ойлголт жинхэнэ утгаараа хөгжих бодит үндэс тавигдсан нь Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх томоохон шийдэл байлаа.
Өдгөө Улсын Их Хурал гэдэг энэ үгтэй хамааралгүй олон нийт, ард иргэд үгүй бөгөөд нийт улсын хэмжээнд дагаж мөрдөх хууль, эрх зүйн баримт бичгийг хэлэлцэн баталж байдаг, сонгогчдын төлөөлөл болон гарч ирсэн УИХ-ын 76 гишүүнээс хувь хүний амьдрал, улс орны хувь заяа ихээхэн хамаарч байдаг гэж хэлж болно.
Хамтдаа асуудлыг ил тод хэлэлцэн, буруу зөвийг шүүн тунгааж байдаг ардчилсан, нээлттэй байгууллага бол Улсын Их Хурал. Энэ утгаар нь УИХ-ыг иргэний ардчилсан нийгэм дэх төлөөллийн байгууллага ч гэж нэрлэдэг.
Чухам энэ үүднээс Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсч, хөгжсөний 20 жилийн ойг өнгөрсөн оны аравдугаар сард тэмдэглэсэн билээ. Энэ түүхт ойн зарим арга хэмжээ одоо ч үргэлжилж байгаа бөгөөд УИХ, УИХ-ын Тамгын газраас эрхлэн УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг орон нутагт зохион байгуулах болсон явдал юм. Эхний өдөрлөгийг Орхон аймагт хийсэн бол удаахийг нь Дорноговь аймагт зохион байгуулсан.
Төв аймгийн иргэд, сонгогчид та бүхэн өдөрлөгийн үеэр ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах төрийн тулгуур багана болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар улам илүүг мэдэж авах болно гэдэгт найдаж байна хэмээн УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.
Дараа нь Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батжаргал үг хэлсэн. Тэрээр, өмнө нь УИХ-ын баталж гаргасан хууль, тогтоол, шийдвэрийг сурталчлах тал дээр анхаарч ажилладаг байсан бол одоо тэдгээрийн хэрэгжилтийг нь илүү онцгойлж байгаа гэдгийг дурдаж байв.
Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурал, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга Л.Пүрэвжав дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Мөн “Монголын парламент-20 жил” баримтат киног өдөрлөгт оролцогчдод үзүүлж, сонирхууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр зохиогдсон гол арга хэмжээ бол хуулийн төслийн талаарх нээлттэй ярилцлагууд юм. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөж, УИХ-ын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн ажилтнууд оролцон, хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэд, төрийн албан хаагчид, эрүүл мэндийн салбарын болон даатгалын ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн. Мөн тус аймгийн Боловсрол, соёлын газрын хурлын танхимд Газрын тухай багц хуулиудын төслөөр хэлэлцүүлэг хийсэн бөгөөд иргэд, олон нийтийн анхаарлыг нэлээд татсан хуулийн төсөл байсан.
Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Төв аймаг дахь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төвд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хууль, тогтоолын мэдээллийн санг багтаасан хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерийг тэрээр хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн интернэтээр УИХ-ын сүлжээтэй шууд холбогдох цахим самбарыг /touch screen/-ыг гардуулж өглөө.
Энэхүү төхөөрөмжөөс УИХ-тай холбоотой бүхий л мэдээллийг авах бөгөөд Төв аймагтай холбоотой мэдээллийг давхар суулгаснаараа онцлогтой юм. Ингэснээр тус аймгийн Парламентыг сурталчлах танхимаар үйлчлүүлсэн хэн бүхэн хууль, тогтоолын сан, УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бүхий л шинэ мэдээллийг эндээс авах боломжтой болж байна.
Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын Тамгын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон.
Өдөрлөгийн үеэр Улсын Их Хуралд нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Нямаагийн Энхболд иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо болон бусад ажлын талаарх мэдээллийг хийсэн юм.
Уулзалтад оролцсон иргэд, олон нийт шинэ Парламентын 20 жилийн хугацаанд хичнээн хууль, тогтоол, шийдвэр батлагдаж гарсан болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар асууж сонирхсон. Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд, Хүний хөгжил сангаас олгогдож буй мөнгөний талаар, Таван толгойн хувьцаа, ажлын байрны асуудал, орон сууц болон урт хугацааны зээлд хэрхэн хамрагдах вэ, жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагтаа хөгжүүлэхийн тулд хэрхэх вэ зэрэг сонирхсон олон асуултынхаа хариуг эндээс олж авсан. Түүнчлэн иргэдийн сонирхсон, тодруулахыг хүссэн хууль, хуулийн зарим зүйл заалтын талаарх асуултад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хариулт өгч байлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд 1500 гаруй хүн оролцсон бөгөөд хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцсон байна. УИХ-ын Тамгын Газраас өдөрлөгийн үеэр 3400 гаруй бичмэл материал, гарын авлага, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуулиудыг багтаасан 400 шахам дискийг тараасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.