МАН-ын гишүүн биш бол Баян-Өлгийд ажил олддоггүй

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүн биш бол Баян-Өлгийд ажил олддоггүй

Ардчилсан намаас орон даяар зохион байгуулж  буй “Монгол хүн 2020 хэлэлцүүлэг” өчигдөр Баян-Өлгий аймагт үргэлжиллээ. “Эрх чөлөөтэй Монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр казах түмэн олон асуудлыг хөндсөний дотор  иргэдийг үзэл бодол, намын харьяалал, нутаг ус, омог, найз нөхдийн хүрээллээр нь ялгаварлан гадуурхах байдал газар авсныг хурцхан шүүмжиллээ.

Иргэдийн хэлснээр төрийн байгууллагад жирийн иргэдийн хүүхдүүд ажилд орох боломжгүй. Зөвхөн аймгийн Засаг дарга С.Хавалын хамаатан, найз нөхөд, МАН‑ын гишүүд л ажилд ордог жишиг тогтсон аж. Мөн Засаг дарга С.Хавал Төрийн албаны салбар зөвлөлийн ажилд хөндлөнгөөс оролцож, хууль бус томилгоо хийлгүүлэн шалгалтанд тэнцээгүй 47 хүний шалгалтын дүнг засварлан,  төрийн албанд томилсон гээд дураараа авирласан үйлдлийг шил дараалуулан ярив. Аймгийнхаа Боловсрол соёлын газар, Хүүхдийн төлөө төв, Биеийн тамир спортын хороо, Эрүүл мэндийн газрын дарга нарыг хууль бусаар томилсон байна. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд төрийн албаны шалгалт нэр төдий зүйл болжээ.  Учир нь шалгалт эхлэхийн өмнө хүмүүсээ ажилд авч, тэдгээр хүмүүстээ тохируулан сонгон шалгаруулалт хийдэг гажиг тогтолцоо бас бий болжээ.  Эл тохиолдолд Төрийн албаны зөвлөл ч ажиллах шаардлагагүй юм. Гэтэл жирийн иргэн 10 жилийн турш хоёр жил тутамд төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд орж чадаагүй байдаг. Төрийн албанд үүссэн ах дүү,  амраг садан, намын хэлхээ холбоог тасалж, цэгцлэхгүй бол өлгийчүүдийн эрх чөлөө зөрчигдсөөр байх болно гэдгийг иргэд дуу нэгтэй хэллээ. Мөн аймгийн иргэд нам төвт төрөөс татгалзаж, хүн төвт төртэй болмоор байна гэдгийг төр засгийн удирдлагуудад уламжлахыг хүслээ.

Эх, нялхсын эндэгдэл их байна

“Эрүүл монгол хүн” сэдвийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр эх, нялхсын эндэгдэл бусад аймгуудтай харьцуулахад хамгийн их байгааг энэ үеэр хөндлөө. Эхийн эндэгдэл 2006 онд гурав, 2007 онд зургаа, 2008 онд хоёр, 2009 онд тав, 2010 онд нэг байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт аж. Нялхсын эндэгдэл нэг хүртэл насандаа 2006 онд 41, 2007 онд 46, 2008 онд 46, 2009 онд 68, 2010 онд 55 байгаа нь ч өндөр үзүүлэлт юм байна. Мөн халдварт өвчнөөр тэргүүлэх болсон нь эрүүл мэндийн үйлчилгээ иргэддээ хүрч үйлчилдэггүйн тод жишээ болох бололтой.

Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өлгийчүүд өндөр зардал төлж, баруун бүсийн төв болон Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг. Эмнэлгийн үйлчилгээ хүртээмж муу, эмч нар гар хардаг гэсэн шүүмжлэлийг иргэд онцлов. Мөн нэг ноцтой асуудал байгаа нь аймгийн нэгдсэн эмнэлгийн сүүлийн хоёр жилийн санхүүгийн баримт ор сураггүй алга болсон нь тус аймгийн эрүүл мэндийн салбар санхүүгийн асуудалтай тулгарсныг гэрчилнэ, шалгалт оруулах шаардлагатай  байна гэж иргэд санууллаа. Мөн аймгийн төвд оношлогооны төв байгуулах шаардлагатай гэнэ.

 Боловсролын үзүүлэлтээр сүүл мушгидаг

Баян-Өлгий аймаг сүүлийн долоо, найман жилд улсын хэмжээнд боловсролын үзүүлэлт, чанараараа 21 аймгаас сүүл мушгих болжээ. Боловсролын чанарыг сайжруулах талд бодитой ажил хийх цаг болсон гэж иргэд үзэж байна. Энэ нь 2001 оноос өнөөдрийг хүртэл аймгийн болон сумдын сургуулийн захирлаар олон жил ажиллаж байгаа захирлуудтай холбоотой гэж шүүмжиллээ. Үүнд Засаг дарга нар ч нөлөөлдөг бололтой. Учир нь сахилгын хариуцлага алдсан, авлига хээл хахуул нэхдэг захирлуудын толгойг орон нутгийн удирдлагууд өдий хүртэл илсээр иржээ. Иргэдийн дунд сургуульд багшаар ажилд ороход хахуулын хэмжээ 2‑3 сая байдаг гэсэн ханш хүртэл тогтсон байна. Цэцэрлэгийн манаачаар ороход хүртэл хоёр сая төгрөг төгрөгийн хахууль өгдөг. Ер нь ажилд орсон хүн хахуульд өгсөн мөнгөө тооцохоор гурав дахь жилээсээ цалинтай залгадаг гэх үгийг унагаж байна. Тус аймаг багш нарын сонгон шалгаруулалт гэдгийг зохион байгуулж, боловсролын салбарт гажуудал үүсгэж байгаа аж. Сонгон шалгаруулалтын дүнд сайн багш нарыг шалгаруулж авахын оронд чадвар муутайг авдаг нь боловсролын чанар муудах нэг шалтгаан гэж эцэг эхчүүд үзэж байна.

Ажилгүйдэл хамгийн их байна

 “Ажилтай, орлоготой Монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр хөндсөн хамгийн тулгамдсан асуудал нь энэ аймгийн хувьд ажилгүйдэл болжээ. Тэр дундаа их, дээд сургуулиа төгсч ирсэн залууст ажлын байр олддоггүйгээс өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийн хэдээс зулгаан амьдрахаас аргагүй байдаг гэнэ.  Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзэндээ хүрдэггүй. Хөнгөлөлттэй зээл олгох журмыг гажуудуулан 15 хүнд давуу байдлаар 270 сая төгрөгийн зээл олгосон байна. Тиймээс  Өлгийн бизнесмэнүүд адил тэгш боломжийг бизнес эрхлэгчдэд олгохыг, ОХУ-ын хилээр оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд Монголын талаас ногдуулж байгаа татварыг багасгахыг хүслээ. Мөн баруун бүсийн алслагдсан аймгийн иргэдэд бүсийн нэмэгдэл олгох зайлшгүй шаардлага байна гэдгийг онцоллоо.  Аймгийн хэмжээнд хөдөө аж, ахуй, фермер, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх бүрэн боломжтой тул энэ давуу байдлыг төрийн бодлогоор бүрдүүлж өгөхийг хүслээ.

Гэмт хэрэг, утаа бас асуудал болжээ

Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсчээ. Тэр тусмаа17‑20 насны залуус хүний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийг үйлдсэн нь  өлгийчүүдийн сэтгэлийг зовоох болжээ. Нөгөө талаас өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа нь хуулийн байгууллагынхны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил муу байгаатай холбоотой аж. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдад онолоос гадна хүн байх тухай мэдлэг, зан суртахууныг төлөвшүүлэхгүй байгаатай холбоотой гэж эцэг эхчүүд үзэж байна. Түүнчлэн өлгийчүүдийн хувьд өвөлдөө Улаанбаатар хотынхноос дутахгүй утааны асуудалтай тулгарах болжээ. Аймгийн төвд цэвэрлэгээг хангалтгүй хийдэг нь  урин дулаан цагт халдварт өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Цөлжилт ч сүүлийн жилүүдэд эрчтэй явагдах болсноос тус аймгийн зургаан сум цөлжилтөд өртжээ. Хүнсний аюулгүй байдал ч анхаарал татсан  асуудлын нэг. ОХУ болон Хятадаас чанарын шаардлага хангахгүй, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирэх болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж