Халамж үнэртүүлсэн бүсийн нэмэгдэл

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Халамж үнэртүүлсэн бүсийн нэмэгдэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-д дахин сонгогдохын тулд гишүүд замаа засч эхэллээ. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд утааг бууруулах тухай “гоё гоё” мөрөөдөл ярьж байгаа бол орон нутгаас сонгогдсон гишүүд “Алслагдсан болон говийн нутагт амьдарч буй иргэдэд бүсийн нэмэгдэл олгодог болно” гээд л авч өгөх юм. Жилийн өмнө “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхноос амласнаа биелүүлэх шаардлага гардан, 72 цагаа тоолуулаад чичирч сууснаа эрхэм гишүүд энэ удаад мартсан бололтой шүү. Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл нь хэлбэрийн хувьд бэлэн мөнгөний амлалтаас өөр харагдах ч батлагдсан тохиолдолд зүсээ хувилгасан халамжийн нэг хууль болж, хэрэгжиж болзошгүй тул төсөлд ямар агуулгатай заалтууд орчихоод байгааг энэ удаад хөндлөө.

    Бүсийн нэмэгдлийг хэн хүртэх вэ?
    Бүс нутгийн хөнгөлөлт,  нэмэгдлийн тухай энэхүү төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 24 гишүүн намрын чуулган завсарлахаас 14 хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн тул парламентаар хараахан хэлэлцэж эхлээгүй байна.
    Гэхдээ төсөлд тусгаснаар хууль батлагдсан тохиолдолд алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчид сар бүрийнхээ цалин дээр 20 хувийн нэмэгдэл авах нь.  Бас болоогүй, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авна. Шаардагдах хөрөнгийг хаанаас гаргах вэ гэхээр төсвөөс. Жил бүрийн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгана гээд нэгбүрчлэн биччихсэн байх нь эх үүсвэрээ баараггүй бүрдүүлэх газартай болгосон нь энэ аж. Нөгөө талаас хууль батлагчдын хувьд УИХ-д дахин сонгогдож л байвал хувийн хэвшлийнхний чардайтлаа хөдөлмөрлөж, татварт хураалгасан мөнгө энэ мэтээр бусдыг халамжлахад зарцуулагдах юу ч биш бололтой. Бүсийн нэмэгдлийн халамж  үүгээр зогсохгүй хүнсний бараа руу хүртэл давшилна. Тодруулбал, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор орж ирэх нэгдүгээр гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 5 жилийн хугацаагаар чөлөөлөхөөр тусгажээ.  Мөн 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийг Онцгой албан татваргүй болгох гэсэн заалт ч оруулаад байгаа юм.

    Уг нь төр боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлээд, бараа таваар чөлөөтэй орж ирэх нөхцөл бололцоог нь хангаад өгчихвөл, хүнсний бараа импортлогчдын хувьд заавал ч төрөөр халамжлуулаад, татварын хөнгөлөлт эдлэх гэж улайрахгүй л дээ. Гишүүд л өөрсдөө хөнгөлөлт эдлүүлнэ гэж зүтгээд байгаа болохоос биш. Ер нь ч татварын хэмжээг багасгаснаар бараа, бүтээгдэхүүний үнэ буурдаг бол Монголд үнийн хөөрөгдөл аль хэдийнэ 0 заачихсан, жаргаж суух байсан байлгүй дээ. Амьдралаас суралц гишүүд ээ? Нэгийнх нь халааснаас татаад, нөгөөг нь илтээр халамжлахыг алагчлал гэдэг юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр тэгш эрхтэй амьдрах ёстой. Газар нутгийнхаа хол, ойроос хамаарч төрийн албаныхан нь халамжлуулдаг, хувийн хэвшлийнхэн нь чангаалгадаг байж таарахгүй, ижил тэгш эрх эдлэх боломжийг л олго.

    Аль аймаг бүсийн нэмэгдэлд хамаарах вэ?
    Төсөлд тусгаснаар алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгуудыг УИХ тогтоохоор тусгасан байна. Ингэхдээ нийслэлээс алслагдсан байдал, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтооно гэсэн байна. Ингэхдээ одоогоор алслагдсан бүс нутагт  Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн 91 сумыг оруулжээ. Харин  говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 87 сумыг оруулахаар тооцоод буй юм. Өөрөөр хэлбэл, Төв, Сэлэнгэ аймгийг л хамруулалгүй үлдээжээ. Хэрвээ дээрх хоёр аймгийн иргэд бүсийн нэмэгдэлд оруулсангүй, алагчиллаа гэж Үндсэн хуулийн цэцэд хандвал төсөл унаж мэдэх юм шүү.

    Төсөл санаачлагчид нь хэн бэ?
    Алслагдсан болон говийн бүсийнхэнд нэмэгдэл олгох зорилгоор С.Бямбацогт нарын гишүүд өмнө нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан ч 2010 оны хаврын чуулганаар төслийг хэлэлцэх шатанд олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Төслийг унагасан үндсэн шалтгаан нь “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон энэ үед Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад хэвтчихсэн УИХ дахь хоёр намын бүлгийг 2008 оны сонгуулиар амласан 1 сая, 1.5 сая төгрөгөө тус бүр иргэн бүрт бэлнээр өгөх шийдвэр гаргахыг шаардан, 72 цаг өгчихөөд байлаа. Яг энэ үед дээрх хууль УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж тухайн үед байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин “Өмнөх амлалтаа биелүүлээгүй байж, бүсийн нэмэгдлийг дэмжих нь УИХ өөрөө хүнд байдалд орно. Одоо бид 72 цаг авчихаад, цаг явж байгаа шүү” гэж анхааруулсан нь олонхи гишүүн гараа хумхин суухаас аргагүйд хүргэж байсан билээ.

    Тэгтэл харин жилийн дараа дахин зүтгүүлээд буй нь энэ. Хоёр дахиа зүтгүүлж байгаа бүсийн нэмэгдэл олгох тухай багц хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Г.Батхүү, Ц.Даваасүрэн, Ц.Дашдорж, Х.Жекей, Д.Зоригт, Х.Наранхүү, Д.Одбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Ш.Сайхансамбуу, Ц.Сэдванчиг, А.Тлейхан, Ц.Цэнгэл, Б.Чойжилсүрэн, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр нар санаачилжээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж