
Төслийн гурав дахь үе шат өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд эхэлж, дэлхийн шилдэг 26 тамирчныг сонгон бэлтгэсэн нэвтрүүлгийг BBC-гээр цацаж эхэлсэн юм. Тэдгээр нь таван тивээс сонгогдсон спортын 20 өөр төрөлд хүч хөдөлмөр, амьдралаа зориулж яваа тамирчид бөгөөд Ямайкийн домог Усаин Болт, Косовогийн жүдоч Малинда Келменди, Францын дугуйч Жульен Абсалон, Британийн сагсан бөмбөгч Луол Денг, Энэтхэгийн мэргэн буудагч Абхинав Биндра нарын шилдгүүдийн эгнээнд Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган багтсан юм. BBC-гийн уран бүтээлчид өнгөрсөн оны гуравдугаар сард манай улсад ирж, олимпийн аваргын тухай өгүүлэх нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийгээд буцсан билээ. Энэ үеэр Э.Бадар-Ууганы гэр бүл, найз нөхөдтэй уулзаж, хүүхэд насаа өнгөрүүлсэн 97 дугаар сургууль дээр зочилж байсан юм. Жилийн өмнө Монголын олимпийн аваргын тухай нэвтрүүлэг хийхээр Монголд саатсан BBC телевизийн уран бүтээлчид тун удахгүй хоёр дахь нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийхээр манай улсад ирэх гэж байгаа ажээ.
BBC-гийн “World Olympic Dreams” төслийн ээлжит шатанд хамрагдсан тамирчид 2010 оныг ямар амжилттай үдсэн талаарх мэдээллээс түүвэрлэн хүргэж байна.
Э.Бадар-Ууган /Монгол/
“Бээжин-2008” олимпийн наадмын боксын рингэнд гялалзаж, ээлж дараалан өрсөлдөгчдөө илт илүүрхэн буулгаж авснаар олимпийн аварга болсон Э.Бадар-Ууганы хувьд 2010 он нам гүм байдалтай өнгөрчээ. Олимпийн наадмаас хойш бэртэл, гэмтлийн улмаас их спортоосоо хөндийрөөд буй тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд оролцож, 57 кг-ын жинд хагас шигшээд шалгарсан ч бэртэл сэдэрснээр эргээд рингнээсээ хөндийрсөн юм. Мөн л бэртлийн шалтгаанаар тэрбээр Гуанжоуд болсон Азийн наадамд аваргын алтан медалиа хамгаалахаар өрсөлдөж чадаагүй билээ.
Жульен Абсалон /Франц/
Олимпийн хошой аварга Жульен Абсалон өнгөрсөн жил болсон уулын дугуйн “Дэлхийн цом”-ын зургаан тэмцээнд бүгдэд нь топ 10-т багтсан амжилт гаргасан. Ингэхдээ Германы Оффенбургт болсон “Дэлхийн цом”-д түрүүлж, Италийн Вал ди Соле, Британийн Дальби Форестийн “Дэлхийн цом”-д хоёрдугаар байрт шалгарчээ. Мөн тэрбээр Франц улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн боловч Канадад болсон дэлхийн аваргад тэргүүлэгчээс ердөө хоёрхон секундээр хоцорсноор тавдугаар байрт шалгарсан байна.
Ачьен Ажулу-Бушелл
/Их Британи/
Кени улсын уугуул иргэн боловч иргэншлээ сольж, тив, дэлхийн тавцанд Их Британийг төлөөлөх болсон Ачьен Ажулу-Бушелл 2010 онд Британийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо 50 болон 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд аваргын алтан медаль зүүжээ. Улмаар Британийг төлөөлөн Европын аварга болон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцсон байна. Будапештэд болсон Европын аваргад 16 настай Ачьен 100 метрийн уралдааныг харьцангуй эрт орхисон боловч 50 метрийн зайд хагас шигшээд шалгарсан байна. Харин Делид болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд тэрбээр өврөөр даллах сэлэлтийн ойрын зайн хоёр төрөлд хоёуланд нь финалд шалгарч, 50 метрийн зайд тавдугаарт, 100 метрт наймдугаар байрт шалгарчээ.
Абхинав Биндра /Энэтхэг/
Энэтхэгийн мэргэн буудагч Мюнхенд болсон буудлагын дэлхийн аваргад 25 дугаар байрт бичигдсэнийхээ дараа өөрийгөө 2010 онд тун хангалтгүй байсан, “олимпийн бус формтой” байлаа хэмээн дүгнэжээ. Хэдийгээр оргил амжилтаа гаргаагүй ч тэрбээр Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд 10 метрийн хийн урт бууны төрөлд Энэтхэг улсын анхны алтан медалийг хүртэж, мөн тус наадмаас өөр төрөлд мөнгөн медаль зүүсэн юм. Харин Гуанжоуд болсон Азийн наадамд тэрбээр зохион байгуулагчдын алдааны улмаас финалд шалгарах боломжоо алджээ. Хоёр өөр төрөлд олимпийн наадмаас аваргын алтан медаль хүртсэн Энэтхэгийн анхны бөгөөд цорын ганц тамирчин болох Биндра 2010 онд хэдийгээр уралдаан, тэмцээнд төдий л амжилт гаргаагүй ч зөвхөн крикетийн спортод бүхий л анхаарлаа хандуулдаг энэтхэгчүүдийг буудлагын спорт руу “уруу татаж” чадсан авьяаслаг тамирчин юм.
Усаин Болт /Ямайк/
Олимпийн гурван алтан медальт Усаин Болтын хувьд 2010 он нам гүм өнгөрсөн. Тив, дэлхий, олимпийн тавцанд нэр алдраа цуурайтуулсан тэрбээр өнгөрсөн жил домогт Майкл Жонсонгийн 300 метрт 30.85 секундын амжилтыг эвдэхээр хичээсэн ч бүтэлгүйтсэн юм. Мөн тэрбээр Шведийн Стокгольмд болсон Даймонд лигийн цувралд 100 метрийн зайд гол өрсөлдөгч Тайсон Гейд дийлдсэн нь түүний хувьд энэ зайд хоёр дахиа ялагдсан тохиолдол нь болсон билээ. Удалгүй тэрбээр гэмтэл авснаар 2010 онд дахин уралдааны талбарт гараагүй юм. Гэхдээ түүний хувьд өнгөсрөн жил туйлын таатай явдал тохиосон нь хөнгөн атлетикийн спортын түүхэнд байгаагүй үнэтэй гэрээг Puma-тай байгуулсан. Тэр нь 21 сая фунт стерлингээр үнэлэгдсэн юм. Харин өдгөө тэрбээр энэ жил Өмнөд Солонгосын Дэгүд болох дэлхийн аваргаар 100 болон 200 метрийн зайд дэлхийн аварга цолоо хамгаалахаар бэлтгэж байна. Мэдээж дэлхийн рекордыг шинэчлэх бодол ч түүнд байгаа нь гарцаагүй.
Луол Денг /Их Британи/
Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын “Чикаго Буллз” багийн тоглогч Луол Денг өнгөрсөн жил улсынхаа шигшээ багийн гол хүн нь байж, ирэх жилийн Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад Британичууд амжилттай оролцоход гол ачааг нуруундаа үүрсэн нэгэн. Хэсгийн найман тоглолтоос зургаан хожил авснаар Их Британийн баг хэсгээ тэргүүлсэн билээ. Харин одоо тэдний хувьд FIBA-гаас Их Британид Лондонгийн олимпод оролцох эрх өгөх эсэхийг хүлээх үлдээд байна. Харин NBA-ын будагтай талбайд Луол Денг “Бухнууд”-ын хамт өнгөрсөн жил плей-оффт хүч сорьсон.
Сара Менезес /Бразил/
Бразилийн жүдоч Сара Менезес 2010 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анхны медалиа зүүжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Токиод болсон дэлхийн аваргад тэрбээр 48 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль зүүсэн юм. Гэхдээ тэрнээс өмнөх хоёр жилд тэрбээр залуучуудын дэлхийн аваргад дараалан түрүүлж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил “Дэлхийн цом”-ын тэмцээнд хоёр ч удаа финалдаж, Сау-Паулуд өөрийнхөө төрөлх нутагт алт зүүж, дараа нь Унгарын Будапештэд болсон “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртсэн байна. Харин дараа нь арванхоёрдугаар сард Токиод болсон “Их дуулга”-д тэрбээр хагас шигшээд Японы Каори Кондод ялагдсанаар хүрэл медалийн эзэн болжээ.
Хоанг Ан Туан /Вьетнам/
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Вьетнамын хүндийг өргөгч Хоанг Ан Туан Туркт болсон 2010 оны дэлхийн аваргад 56 кг-ын жинд хүч сорьж, дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэрбээр шууд өргөлтөөр 123 кг-ыг, харин түлхэлттэй өргөлтөөр 150 кг-ыг өргөсөн байна. Нийлбэр 273 кг-ыг өргөсөн амжилт нь Бээжингийн олимпийн амжилтаас нь даруй 17 кг-аар бага ажээ.
Иван Ухов /ОХУ/
ОХУ-ын өндрийн харайлтын тамирчин Иван Уховын хувьд 2010 он Лондонгийн олимпийн өмнө ур чадвар, хичээл зүтгэлээ тайлагнасан үр дүнтэй, чухал цаг мөч байлаа. Катарт болсон заалны дэлхийн аваргад 2,36 метр дээгүүр харайж, аваргын алтан медаль хүртэн 2010 оны гараагаа тун сайн эхлүүлсэн тэрбээр Барселонад болсон Европын аваргад мөнгөн медаль зүүсэн юм. Тэрбээр мөн Лондон болон Цюрихт болсон Даймонд лигийн цувралд түрүүлснээс гадна Польшид болсон Опоелийн фестивальд Ухов хувийн дээд амжилтаа эвджээ. 2010 оныг амжилт дүүрэн үдсэн тэрбээр “Лондон-2012” олимпийн наадмын хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх нь гарцаагүй.