УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  өнөөдөр 09.30 цагт эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.  Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас эхлэн хуралдана. Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ. Монгол Улсын Их Хурлын соёрхон баталсан, Монгол Улс нэгдэн орсон Олон улсын байгууллагын монголын талын оролцоо ба Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцсан ажлын хэсгийн дүнг хэлэлцэх, Монгол Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно. 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас хуралдана. Түүгээр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон Газрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж