Кембрижийн стандартад бүрэн шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Кембрижийн стандартад бүрэн шилжинэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Кембрижийн стандартад 2018 он гэхэд бүрэн шилжинэ

    Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвийн Сургалтын агуулга хөтөлбөр хариуцсан дэд  захирал Кристина Римини, Олон улсын шалгалтын төвийн Мэргэжлийн багийн шинжээч Андрей Сортвелл  нар Монгол Улсад долоо хоног ажиллав. Тус багийнхан Монгол Улсад бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  Кембрижийн хөтөлбөрт суурилан шинэчлэх, олон улсын төвшинд өрсөлдөх чадвартай монгол, англи хэл  хос хэл дээр хичээллэх сургалтын системийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм. Тэд энэ хугацаанд бага, дунд боловсролын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх урт болон дунд, богино хугацааны төлөвлөлт, ажлын зураглал, төлөвлөгөөг эцэслэн боловсруулах судалгааны ажлыг БСШУЯ, Боловсролын хүрээлэн, МУИС, МУБИС, Боловсролын үнэлгээний төв болон бусад эрдэмтэн судлаачидтай хамтран амжилттай боловсруулж дуусгасан тухай дуулгалаа. Мөн монгол, англи хос хэл дээр хичээллэдэг төрийн өмчийн анхны  лаборатори сургууль “Шинэ эрин” сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш, сурагчдын хэлний чадвар, идэвхи чармайлтыг өндрөөр үнэлсэн байна.

    Энэ үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяраас Кембрижийн стандартын давуу тал, багш бэлтгэх үе шат, хичээлийн хөтөлбөрт  орох өөрчлөлт зэргийн талаар  зарим асуултад хариулт авлаа.

    -Кембрижийн их сургуулийн Олон Улсын шалгалтын төвийнхөн манай улсын бага, дунд боловсролын хөтөлбөрт ямар дүгнэлт өгч байна вэ?

    -Бид боловсролынхоо хуулийн дагуу таван жил тутам үнэлгээ хийх хуулийн заалттай. 2010 онд энэ стандартын үнэлгээг хийсэн багууд маань олон улсын стандартыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Кембрижийн их сургуулийн мэргэжлийн багийнхнаас өгсөн үнэлгээгээр манай улсын сургалт муу биш, сайн зүйл ч байна гэсэн. Мэдээж сайжруулах зүйл олон бий. Бидний төлөвлөж буйгаар 2018 он гэхэд Кембрижийн стандартад үндсэндээ шилжиж дуусна. Тэр үед Кембрижийн их сургуулийн Олон улсын шалгалтын төвөөс үнэлгээ хийгээд Монгол Улсын боловсролын стандарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт гэх үнэлгээ өгнө. Ингээд төгсөгчдийн гэрчилгээ, диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэж ойлгох хэрэгтэй.

    -Кембрижийн туршлагыг хэрэгжүүлсэн орнуудын хөтөлбөрийг судалж үзсэн үү?

    -Үзсэн. Жишээ нь Египет улс Кембрижийн стандартад шилжихдээ Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн орны нэг. Дөнгөж саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Сингапур, Австралид улсад ажил­лаад ирлээ. Энэ үеэр Австрали улсаас багш нар авахаар харилцан тохирлоо. Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн тус улсаас сайн дурын багш нар авч лаборатори сургуулиудад багшлуулахаар болсон. Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн бусад улс орны нөлөө бүхий хүмүүсийн хэлснээр “Хэрэв Монгол Улс суурь боловсролынхоо тогтолцоог өөрчилж чадах юм бол хөгжлийн асар том гараа болно” гэж  байсан.

    -Багш нарыг сургах, давтан сургах ажлыг ямар үе шаттай хэрэгжүүлэх вэ?

    -Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй 26 мянган багшийн давтан сургалтын асуудал томоохон ажлын нэг. Тийм учраас би олон жилийн ажил гэж хэлж байгаа юм. Энэ онд ашиглалтад орох  Багшийн хөгжлийн ор­донд суурилсан багш нарыг давтан сургах тогтолцоог бий болгох замаар давтан сургалтыг зохион байгуулна. “Шинэ эрин” сургуулийн үйл ажиллагааны 50 хувь нь багшийн хөгжлийн асуудал. Хос хэлний чиглэлээр байгуулагдах 30 сургууль сургагч багш болон бусад сургуулийнхаа багшийг бэлтгэх замаар явна гэсэн үг.

    -Хичээлийн хөтөлбөрт ямар өөрчлөлт орох вэ?

    -Ерөнхийдөө Үндэсний хөтөл­бөр учраас өмнөх хичээлүүд хэвээрээ байна гэж ойлгох хэрэг­тэй. Харин Кембрижийн их сургуулийн хөтөлбөрөөр хичээлийн цаг, хичээлийн агуулга өөрчлөгдөх юм. Манайхан чинь ерөнхий боловсролын сургуульд хүн бүр өөрийн сонирхсон хи­чээлээ оруулах гэдэг. Одоо бол Кембрижийнхээ стандартаар ямар хичээл судлах ёстой вэ, тэрийгээ л судална.

    “Шинэчлэлийн гол зорилго нийгмийн хэрэгцээ”

    -Бага, дунд боловсролын салбарын стандартыг  шинэч­лэхийн туйлын зорилго юунд байна вэ?

    БСШУЯ-ны Ерөнхий бо­ловс­­ролын газрын дарга Д.Эрдэнэчимэг:

    Гол  хэрэгцээ шаардлага нь сургалтыг өнөөгийн хүмүүсийн, нийгмийн бодит хэрэгцээнд тул­гуурлаж, боловсон хүчний чадам­жийг дээшлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хэрэгцээнд тулгуурласан сургалт чухал гэж үзээд бага, дунд боловсролын стандарт хөтөлбөрийг өөрчлөхөөр зорьж байна. Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд одоогийн хөтөлбөрөөр сургалт явуулахад тулгарч буй бэрхшээл, асуудалтай зүйлсийг энэ шинэчлэлээр эмхэлж цэгцлэх юм. Туйлын гол зорилго нь чанартай, олон улсад өрсөлдөх чадвар бүхий хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөртэй болох гэдгийг хэлмээр байна. 

    -“Шинэ эрин” сургууль хос хэлний сургалтыг анх удаа нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа дараагийн байгуулагдах сургуулиудтай хэрхэн уялдаж ажиллах вэ?

    “Шинэ эрин” сургуулийн захирал:

    -Манай сургууль монгол, англи хос хэлний сургалттай анхны сургууль. Одоогоор байдлаар 13 багш, 40 сурагч, хоёр бүлэгт хичээллэж байна. Манай сургууль болон цаашид байгуулагдах хос хэлний 30 сургуулийг төгсөгчид Ерөнхий боловсролын гэрчилгээ, Кембрижийн их сургуулийн сертифекаттай төгсөх юм. Сургалтаас гадна бид Кембрижийн олон улсын хөтөлбөр, Монгол Улсын үндэсний стандарт хөтөлбөрийг харьцуулан судлах ажилд оролцож байгаа. Цаашдаа бусад сургуультай туршлага солилцох, багш бэлтгэхэд хувь нэмрээ оруулах чиг үүрэгтэй ажиллана.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж