Контадор Giro d’Italia-г тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Контадор Giro d’Italia-г тэргүүлж эхэллээ

Тур де Франс уралдааны гурван удаагийн аварга Альберто Контадор Италийн нутаг дэвсгэрээр үргэлжилж буй Жиро ди’Италия уралдааны өчигдөр болсон ес дэх гараанд түрүүлснээр тэргүүлэгчийн ягаан цамцны эзэн боллоо. Хориотой эмийн бодис, сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэр гарахыг хүлээж буй Испани дугуйчин уралдааны нийлбэр дүнгээр 59 секундын зөрүүгээр тэргүүлж байна. Харин түүний ард Беларусийн тамирчин Константин Сивцов бичигджээ.

Сицилийн Этна уулын өгсүүр замд үргэлжилсэн ес дэх гараанд Контадороос гурван секундээр хоцорч, Венесуэлийн Хосе Рухано хоёрт, 50 секундын дараа Италийн дугуйч Стефано Гарзелли бариалсан байна. Тус гарааны дараа Контадор “Би ягаан өмсгөлийн талаар огтхон ч бодоогүй. Уралдаан дөнгөж эхэлж байна. Жиро бол хүнд уралдаан, цаашид юу ч болж болно” хэмээжээ.

Дугуйчдын хувьд өнөөдөр амралтын өдөр. Харин маргааш уралдааны 10 дахь гараа болох бөгөөд дугуйчид Термолигоос Терамо хүртэл уралдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж