Хадгаламж 21 мянгыг хэвийн олгож байна

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хадгаламж 21 мянгыг хэвийн олгож байна

Засгийн газар 21000 төгрөг буюу эх орны хувь хишиг тарааж байгаа банкуудын ачааллыг бууруулах зорилгоор бусад арилжааны банкинд тус үйлчилгээг шилжүүлэх тогтоол гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Хаан, Хадгаламж банк 21000 төгрөг олгох ажлаа түр зогсоогоод байгаа гэсэн мэдээллийн дагуу Хадгаламж банкны Маркетингийн хэлтсийн захирал А.Сувдаатай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай банкийг 21 мянган төгрөг олгох үйлчилгээгээ түр зогсоолоо  гэсэн мэдээллийн дагуу холбогдож байна?

-Хадгаламж банк Эх орны хувь хишиг буюу 21000 төгрөг олгох ажлыг зогсоогоогүй, олгодгоороо олгож байгаа.

-21 000 төгрөг тараах эрх бүхий цөөн банкны заримынх нь Засгийн газартай хийсэн гэрээний хугацаа дуусгавар болсон юм байна. Танай банкны Засгийн газартай байгуулсан гэрээний хугацаа ямар байгаа бол?

-Манай банк энэ оны тавдугаар сард гэрээгээ шинэчлэн баталсан байгаа. Гэрээний хугацаа дууссан, цаашид мөнгө олгох боломжгүй болсон зүйл огт байхгүй.

-Арилжааны банкууд 21 000 төгрөгийг тараах хүндрэлтэй байгаа тухай Төрийн ордонд хүртэл яригддаг. Энэ хүндрэлтэй асуудлыг Хадгаламж банк хэрхэн шийдэж байгаа вэ?

-Мэдээж 21 000 төгрөг олгоно гэдэг банкны үйл ажиллагаанд хүндрэлтэй байлгүй яахав. Бусад төрлийн үйлчилгээнд ч саад учруулах нь бий. Гэхдээ бид ийм байлаа гээд төвөгшөөгөөгүй. Харин ч асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэн бүрийг виза карттай болгож, банкны 52 АТМ машинаас хувь хишгийн мөнгөө авах бололцоог бүрдүүллээ. Мөн хотын дүүргүүд дэх хамгийн байршил сайтай салбаруудаа Халамжийн касс болгосон. Нийтдээ 16 Халамжийн касс ажиллаж байгаа ба тэд зөвхөн энэ 21 000 төгрөгийг олгох үйлчилгээг л үзүүлэх танхим том, олон теллертэй салбар байгаа юм.

-Иргэдийн тухайд 21 000 төгрөгөө гаргаж авах хэдэн янзын боломж байна вэ?

-Юуны түрүүнд манай банкны аль нэг чөлөөтэй байгаа салбараас авч болно. Манай банк нийтдээ 400 орчим салбартайн 50 гаруй нь Улаанбаатар хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Дараагийнх нь боломж мэдээж АТМ юм. Манай банкны АТМ болон өөрөө хүсвэл шимтгэлээ төлөөд бусад арилжааны банкны АТМ-ээс авч боломжтой байгаа. Түүнчлэн картаар үйлчлүүлдэг байгууллагуудаар худалдаа үйлчилгээ авахдаа хэрэглэж болно. Тав дахь боломж бол интернет банкны үйлчилгээ байгаа. Энэ эрхийг авсан хүн интернетээр гүйлгээ хийж болно.

-Хэдийгээр олон боломж байгаа боловч ачаалал сулрахгүй байгаа нь юутай холбоотой байна вэ?

-Ерөнхийдөө иргэдийн мэдлэг мэдээлэлтэй холбоотой байна л даа. Гэр хорооллын иргэд голдуу орлого багатай, мөн технологийн дэвшил ашиглахдаа тааруу байгаагаас урт дараалал үүсч байна.

Нэмж сонирхуулахад, Хадгаламж банк улсын хэмжээнд 1,2 сая иргэний Эх орны хувь хишиг 21 000 төгрөг олгох үйлчилгээг үзүүлдэг ба нийт үйлчлүүлэгчдийн 500 мянга нь Улаанбаатарын иргэд ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж