Фрэнк Синатра, Ава Гарднер

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Фрэнк Синатра, Ава Гарднер

Түүнийг Америкийн хаан банзалтай Казанова гэдэг байлаа

1.    Нэрт жүжигчин Фрэнк Синатра, Ава Гарднер нарыг  "Америкийн хаан", "Холливудын секс араатан" гэдэг байв. Эрэгтэй нь дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийг шохоорхоно. Эмэгтэй нь тореадоруудыг илүүд үзнэ. Тэр давжаа биетэй дөнгөж 160 см өндөртөй итали хүн. Харин эмэгтэй нь өөрийгөө “байдаг л нэг эмэгтэй” гэж нэрлэсэн Хойд Каролина мужийн өндрөөс өндөр эмэгтэй байв.

2.  Хувь заяа тэднийг уулзуултал Ава аль эрт хоёр удаа нөхөрт гарсан байв. Эхний удаа залуухан, нүдэнд дулаахан Микки Руни (зурагт) гэх MGM урлангийн одтой гэрлэсэн байв. Тэр эмэгтэй эхлээд түүнийг сэтгэл татам гоо үзэсгэлэнгээрээ угтаад дараа нь яах учраа мэдэхгүй гайхалд оруулсан гэдэг. Учир нь Ава холливудын тэр задгай орчинд энгэр задгай байсангүй. Энэ гэрлэлт удаан үргэлжилсэнгүй. Микки удалгүй зугаа цэнгэлээ хөөж, Ава тэвчээр заан хүлээсэн ч тэр хүлээлт удаан үргэлжлээгүй. Дараа нь тэр саятан Говард Хьюзтай дотносон нь дуулиан дэгдээлээ. Дуртай цагтаа онгоц дуудуулна. Очир алмаз, эгшин зуур л түүний хүслийг биелүүлдэг байлаа. Мартин Скорцезегийн “Нисэгч” кино нь Хьюзийн амьдралын зураглал билээ. Гэхдээ Ава олны шүтээн болсон саятанд үнэн сэтгэлээ өгөөгүй бөгөөд араар нь өөр хүмүүстэй дотно харьцаатай байсан юм.
3. “Шүгэлдлийн зогсоол” гэх киноны зураг авалтаар Ава жааз хамтлагийн удирдагч, авъяаслаг кларнетчин, өндөр мэдлэгтэй харин гэр бүлийн амьдралд азгүй Арти Шоутай танилцав. Ава түүнийг аз жаргалтай болгохоор шийдсэн гэдэг. Тэрээр Артигийн ажил үйлс, сонирхолд нийцэхээр таарч тохирох ном сонин уншин өөрийгөө бэлтгэжээ. Гэхдээ өөрийгөө шинээр бүтээж чадсангүй. Хичнээн ч дүр эсгээд Ава аравхан сар тэвчээд салах өргөдлөө өглөө. “Артитай амьдарна гэж ёстой залхуутай” гэж найз хүүхнүүддээ ярьдаг байсан түүхтэй. Дахиад л түр зуурын цэнгээндээ орлоо. Тэрээр эрчүүд шиг араншинтай  болж, нууц амрагуудаа ганц шөнө ашиглаад хаядаг болсон байв. Холливудад аз хайж ирэхдээ өмнөд нутгийн даруухан эмэгтэй байсан Ава Гарднер “банзалтай Казанова” гэсэн муу нэр зүүв.
4.  “Фрэнк Синатраг харахаар 5000 бүсгүйчүүд зодолдоход бэлэн байна” гэж хэвлэлээр шуугидаг байлаа. Мафитай холбоотой гэх өнгөц төдий далдалсан холбоо юу өгүүлнэ вэ? Түүний гайхалтай реклам, хөгжмийн зэмсэг, “бяцхан Фрэнкийн” тайзны гоё дэгжин хувцас хунар зэргийг хэн төлж байсаныг бүгд л мэднэ.
5.    Дэлхийн томчуултай холбоо хэлхээтэйг нь мэдэхгүй хүн гэж байхгүй. Дөчөөд оны дунд үеэс Ерөнхийлөгч Франклин Рузвельттай танилцсан нь түүнд Цагаан ордны үүдийг нээж өгчээ. Тэрээр Трумэн, Кеннеди, Рейганы сонгуулийн кампаниудад мөнгө цуглуулсан хүн. Тэргүүн хатагтай нартай учир ургуулж байсан гэх яриа тэр үеэр тасардаггүй байж. Ийм өргөн цуутай амьдралтай байсан ч тэр үзэсгэлэнт Нэнситайгаа тогтвортой амьдран гурван хүүхэдтэй байлаа. Тэрбээр гэр бүлийг мафийн дүрэм  шиг байх ёстой гэж үздэг байж.
6.    “Жентельмен цайвар үстийг илүүд үзнэ” киноны зураг авалт дээр Аватай тааралдсаныхаа дараа “Тэр надад домын эм уулгалаа” гэж Фрэнк өөрийгөө зөвтгөж байв. Ава түүнд эм өгөөд байгаагүй нь мэдээж. Аватай тааралдсан эрчүүд түүнийг оронд оруулахаас өөр зүйлийг үл сэтгэнэ. Фрэнк “шатлаа”. Ава ч өөрийн задгай амьдралд нь төгсгөл ирж насны эр хүнээ оллоо гэж ойлгож, амьдарлын энэ урсгалд улам бүр автлаа. Тухайлбал, Палм-Спрингсийн захаар задгай машинаар буу тавьсан шиг дуутай шуутай зугаална. Нэгэн удаа Фрэнк явган хүнийг дайрч унаган шоронд орох шахав. Мөнгө өгч байж л хэргээс мултарчээ.
7.    Тэднийамьдарлын хэв маяг  адилхан учир хамт байхад сайхан байсан гэдэг. Хоёулаа итали хоол, вискинд дуртай. Шөнийн цэнгээн, боксийн тэмцээн үзнэ. Харин Ава нь бухтай тулаан харах дуртай. Коррида үзэж байгаад нэгэн тореодарт дурлахаа шахсан гэдэг. Фрэнк гэр бүлээс салахгүй юм чинь. Нэнси салах зөвшөөрөл өгөхгүй л байв. Гэсэн ч тэд үргэлж хамт. Ава Фрэнкийн концертод ирэн гэр бүлийн  үнэт зүйлийг эрхэмлэдэг америкчуудын дургүйг хүргэнэ. Фрэнкийн сөөнгөдүү хоолой нь улам муудаж кино студи түүнтэй гэрээгээ таслав. Тэд энэ бүгдээс амрахаар шийдэн Мексикт хэдэн долоо хоногийг өнгөрөөлөө. Буцаад ирэхэд нь сурвалжлагч нар бас л тэдний хойноос хөөцөлдсөөр л байлаа. Фрэнк тэдний нэгэнтэй нь зодолдоод амжсан гэдэг. Ава тэднээс болж ядраад эмнэлэгт хэвтсэн түүхтэй.
8.    Энэ бүгдийн эцэст Нэнси салахыг зөвшөөрөв. Ава, Фрэнк нарт  гэрлэхэд саад алга. Удтал хүлээсэн хурим нь Филадельфид боллоо. Ава нөхөртөө өөрийн зурагтай алтан сахиусан медаль бэлэглэв. Харин Синатра ногоолин товчтой булган нөмрөгийг хайртдаа бэлэглэжээ. Дөнгөж гэрлэлтээ бүртгүүлээд тэд папарацциудыг хуурч, Майамид зугтан ирцгээлээ. Тэд аз жаргалтай. Урт гэхээр хугацаанд жаргалаа…
9.    Тэд хуримынхаа эхний жилийн ойг Кенид тэмдэглэв. “Килиманжарогийн цас” гэдэг киноны зураг авалт тэнд болж Ава тоглож байжээ. Асар том очир алмазан шигтгээтэй бөгжийг Фрэнк түүнд бэлэглэв. Харин наймааныхаа мөнгийг хайртай эхнэрийнхээ данснаас авчээ. Хэлээгүй хийсэн тэр үйлдэл нь тэдний хоорондын гомдолд бас нэг нэрмээс нэмэрлэв.
10.    Тэр үед л Авагийн цуутай үг нь гарсан гэдэг. “Би хоёр удаа нөхөртэй байж үзсэн хүн. Харин энэ удаагийнх шиг жил болсон түүхгүй” гэж Ава хэлсэн ажээ.
11.    Оскарын шагнал авсан киноны зураг авалтдаа Фрэнк явлаа. Түүний дуу хоолой нь эргээд сайжирсан байв. Тэр дахиад л дуугаа дуулж бичлэгээ хийлгэж, шүтэн бишрэгчид нь дахиад л хуйлрах боллоо. Фрэнк ч бага багаар гэр бүлийн амьдралынхаа уйтгарыг тайлаад эхэлжээ.
12.    Авагийн зураг авалт, Фрэнкийн тоглолтууд тэдэнд хамт байх цагийн улам бүр багасгана. Тэд бие биенээ хардан ширүүн догшин харьцаж, дараа нь эвлэрч тэврэлдэнэ. Ава хүүхэдтэй  болох гэсэн ч үр зулбаад бүтсэнгүй. Үүний дараа тэр сэтгэлийн дарамтад орлоо. Энэ  хөдөлгөөнтөй италитай тайван амьдрал зохиож болно гэж үү гэж олон хэвлэлд бичдэг байжээ.
13.    Фрэнк ч тэдний гэрлэлтэд төгсгөл ирж буйг мэдэрч байлаа. Түүний Мерилин Монротой учир ургуулсан нь Америк даяар шуугиан тарив. Тиймээс Ава сэтгэлийн дарамттай Испанид иржээ. Тэрбээр мөнхийн тайвшрал олох гэсэн ч бурхан түүний цаг нь болоогүй гэж тооцсон бололтой.
14.    Фрэнк киноны зураг авалтаар Мадридад ирлээ. Тэд гэр бүлээ цуцлуулаагүй л байв. Фрэнк өөр эмэгтэйг сонирхлоо гээд сүйд болоогүй ч бас зүгэр байж чадаагүй юм. Сэтгэлийн шархаа дарахаар Ава эдлэндээ бухын тулаан хийх гэж үзлээ. Эртний найз Ангело нь түүнд туслав. Харин ааштай морь булгиж Аваг унагав. Давхин ирсэн бух үзэсгэлэнт нүүрийг нь эврээрээ мөргөлөө…
15.    Ава тайвшрах гэсэн боловч бүр их ядарчээ.Бас зэрэмдлэгдсэн нүүрээ олноос нуух хэрэг гарав. Тэрээр Лондонд ирэн амьдралынхаа үлдсэн хугацааг тайван өнгөрөөхөөр шийдлээ.Тэр үед  Ава дөнгөж 40 гараад л байсан юм. Тэр зөвхөн шөнийн цагаар зугаална. Лондон түүнд чийгтэй, амар тайван хөгшрөлийг амлаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байв.
16.    Шилдэг эмч нар түүний шарх сорвийг “нуухаар” оролдлоо. Шарх сорви бараг  үлдсэнгүй. Бараг соривгүй эдгэжээ.
17.    Фрэнк залуухан жүжигчин Миа Фэрроутай гэрлэхээр шийдсэн байв. Дараа нь тэр эмэгтэй Вуди Аллены эхнэр болсон юм.. Хуримынхаа өмнө Фрэнк тэр Ава руу утасдан ”Би одоо ч чамдаа хайртай” гэж хэлсэн гэнэ. Ава дараа нь тэдний хуримын зургийг сониноос хараад үсээ тайрсан туранхай Миаг заагаад “Тэр орондоо жаалхүүтэй цуг орно гэдгийг би мэдээд байсан юм” гэж шоглон хэлж байлаа. Фрэнкийн шинэ гэрлэлт бас л нэг жилээс илүү гарсангүй. Тэр амьдралдаа дөрөв дэх удаагаа л амжилтай гэрлэж Барбара Маркс гэх загвар өмсөгчийг өөрийн дуулгавартай эхнэр болгосон түүхтэй.
18.    Аваг хүндээр өвчлөхөд Фрэнк шууд ирлээ. Тэр мөнгө хайрлалгүйгээр эм тариа авч байлаа. Эм тарианд тэр сая саяаар мөнгө  зарцуулсан гэдэг яриа байдаг. Тэр Аваг гартаа бүүвэйлэн тэвэрч саатуулна. Сөөнгөдүү хоолойгоороо анхны хайрын үгээ давтан шивнэж байлаа. Үзэсгэлэн төгөлдөр Ава Гарднер 1990 онд 68 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Фрэнк Синатра 82 нас хүрээд тоост хорвоог 1998 онд орхижээ. Түүнийг сүүлчийн замд нь “My way” гэсэн дууных нь аяар үлдсэн гэдэг. Тэр замынх нь нэгэн хэсгийг тэд хамтдаа туулсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж