Ц.Нямдорж Х.Баттулга руу “довтлов”

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Х.Баттулга руу “довтлов”

Хамтарсан Засгийн газ­рын сайд нар хаалганы цаана тийм ч эвтэй байдаггүй бо­лолтой. Та бидний өмнө л эв найрамдал, дөрвөн жилийн үй зайгүй нөхөрлөлийн тухай яриад байдгаас бус цаанаа “Миний, чиний”, “Танай, ма­най” гээд л “гүвэлцэж” өг­дөг нь тодорхой болов. Энэ талаар бичсэн сэтгүүлчийн нийтлэлийг “Оргүй хоосон гүтгэлэг” хэмээн залруулдаг нь ёстой оргүй хоосон тайлбар аж. Учир нь, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үнэнийг хэзээ ч нууж болдоггүйг нотолж, улс төрийн карьераараа дэнчин тавих нь тэр.

Ер нь ч тэгээд өөрийнхөө талаар сөрөг мэдээлэл уншиж чаддаггүй хүний хувьд чи­мээгүй өнгөрч тэвчээгүй нь тодорхой. Гэхдээ уг мэдэгдлээрээ дамжуулаад тэр­бээр хамтарсан Засгийн газар бол цуурсан шаазан гэдгийг баталж өгсөн юм. Гол нь Ц.Нямдорж сайд өөрийнхөө төлөө, өөрийгөө хамгаалахын тулд хамтарсан Засгийн газрыг арайхийн тогтоон барьж буй гэдгийг ч мартав. Энэ бүх дүгнэлт Ц.Нямдорж сайдын зарласан хэвлэлийн бага хурлын тэмдэглэлээс тодорхой бай­на.

Тэрбээр тав, зургаан бүлэг мэдэгдэл хийснээс хамтарсан Засгийн газарт халгаатай туссан гол мэдэгдэл нь Зам, тээвэр, барилга, хот бай­гуулалтын сайд Х.Бат­тулга руу чиглэсэн гэхэд болно. Тэрхүү хоёр дахь мэдэгдэл нь дараах утгатай. “Сүүлийн өдрүүдэд хоёр ч хэвлэлд сайд Ц.Нямдоржийн мэдлийн 100 гаруй хүнд даацын машин Тавантолгойд нүүрс тээвэрлэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь ор үндэсгүй мэдээлэл. Өмнөговь аймаг болон бусад аймагт ч Ц.Нямдорж болон манай гэр бүл, үр хүүхэд, ах дүү нараас хэнд нь ч тээврийн компани болон нүүрс тээвэрлэж байгаа машин, техник, тоног төхөөрөмж байхгүй. Мөн ашигт малтмалын ганц ч тусгай зөвшөөрөл байдаггүй. Засгийн газрын хуралдаанаар нүүрсний тээ­вэр­лэлтийг зогсоосон тухай асуу­дал хөндөгдөхөд миний бие ингэх шаардлагагүй гэж үзсэн. Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нүүрсний тээвэрлэлтээр орж ирэх ёстой. Тээврийг зогсоочихоор төс­вийн орлого бүрдэхгүй. Энэ үүднээс нь би асуудлыг ярьсан. Чухамдаа үүний цаана бизнесийн өрсөлдөөн явж байгаа гэдгийг ч хэлсэн. Удахгүй хатуу хучилттай авто зам ашиглалтад орох гэж байхад тээвэрлэлтийг зогсоосон нь энэ надаас өрсөөд хэдэн төгрөг олох нь гэсэн компани хоорондын л өрсөлдөөнтэй холбоотой. Дандаа тийм бодлын үүднээс л шийдвэр гаргадаг. Түүнээс 100 тоннын даацтай машин газар дээгүүр явж болохгүй гэсэн юм юу байсан юм бэ”. Тэрбээр энэ үгийнхээ дараа “Засгийн газрын хуралдаан дээр ингэж хэлсний дараа хэвлэлээр миний эсрэг баахан худал мэдээлэл цацсан. Ийм байж болохгүй. Энэ бүх мэдээлэл үнэн гэдэг нь батлагдвал би УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгнө” гэв.

Түүнчлэн зарим нэг сайд нь илт дургүйлэхсэн гэх утгатай үгийг ч тэрбээр унагаж байсан. Яалт ч үгүй ярианых нь гол бай Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга гэдгийг энд мэдэж ядах зүйлгүй. Х.Баттулга сайдын зүгээс гэнэтийн гэмээр шийдвэр гаргаж, Өмнөговь аймгаас урд хөрш рүү тээвэрлэж байсан нүүрсний замыг хаасан нь үнэн. Үүнийгээ ч монгол хүний төлөө гэдэг үндэслэлээр тайлбарлаж байсан. Харин энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад бол “Эх орны төлөө бус харин өөрийнхөө группийн ашиг орлогоос “Энержи ресурс” болон “Тавантолгой транс” компанийн ашиг орлогыг хэтэрхий их болчих гээд байсанд бухимдсандаа гаргасан шийдвэр” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн байна. Иймэрхүү таамгийг магадгүй Ц.Нямдоржоос өөр хэн ч хийж чадахгүй биз.

Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийнх нь тухай бүх сөрөг мэдээл­лийг Х.Баттулга сайдын шийдвэрийг эсэр­гүүцсэн Засгийн газрын хурал­дааны дараагаас гарч эхэлсэн хэмээсэн. Үүнийг шууд утгаар нь “Х.Баттулга захиалж, сөрөг мэдээлэл бичүүлсэн байх нь” ч гэж ойлгож болмоор. Тухайлбал, Нүхтэд өндөр өртөгтэй барилга байгуулж байгаа, Д.Энхбат агсныг Францын нутаг дэвсгэрээс баривчилж ирэх үүрэг өгсөн,  Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг 100 ачааны машинтай, ТВ-5 телевизийн хувь эзэмшигч, улсын төсвөөс 350 сая ам.доллар завшсан, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад 2.9 тэрбум төг­рөгийн авлига авсан гэх мэт мэ­дээллийг Х.Баттулга сайд захиалсан байж таарах нь.

Логикийн хувьд Ц.Нямдорж сай­дын мэдэгдэл энэ ойлголт руу ир­гэдийг түлхсэн. Гагцхүү үүнд Х.Бат­тулга сайд ил цагаан тайлбар өгөхгүй ч хамтарсан Засгийн газрын хуралдаан дээр Ц.Нямдорж сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор асуудал дахин тавина гэсэн үг.

Тэрхүү маргаан нь хаалганы цаана үлдэх ч гэсэн хамтарсан Засгийн газрын  хоёр онцгой фигурын харилцаа “асуу­далтай” болсныг илэрхийлэв. Х.Бат­тулга нь хамтарсан Засгийн газрыг энэ хэвээр нь авч үлдэхийн тулд нам дотроо МоАХ гэсэн фракци хүртэл байгуулж, Үндэсний зөв­лөлдөх хорооны хурлын өмнө албан ёсны байр сууриа хэвлэлээр зарлаж байсан. Харин Ц.Нямдорж нь хамтарсан Засгийн газрыг нэг их хамгаалж сүржигнээд байдаггүй. Гэхдээ намынхаа эрх ашгийн төлөө энэ цаг үед гүйцэтгэх засаглалыг та­рааж бутаргах сонирхолгүй байгаа нь лавтай. Гэсэн ч анхаарлын тэм­дэг үлдэв. Өнгөрсөн хугацаанд гүй­цэтгэх засаглалын зүгээс цаг ямагт бал­луурдаж ирсэн анхаарлын тэмдэг энэ удаад баллуурдсан ч арилахааргүй тол­бо болох нь ойлгомжтой. Үүнийг Ц.Ням­дорж сайд зурж, Х.Баттулга руу­гаа хурц үг “сумласнаас” нь харж бо­лох биз ээ.

Ямартай ч Ц.Нямдорж Х.Баттулга руу “довтлов”.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж