
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал өчигдөр Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд ажиллалаа. Өдөртөө 50 орчим тэнэмэл хүүхэд ирдэг энэ төвд бэрхшээлтэй олон асуудал байдаг аж. Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Аюурзанын хэлж буйгаар энд ирж буй хүүхдүүдийн 95 хувийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, гэр бүл нь тодорхойгүй таван хувийг нь холбогдох байгууллагад шилжүүлдэг байна. Хоёр настайдаа уг төвд ирж хоёр жил болж байгаа хүүхэд ч энд бий. Өчигдрийн байдлаар уг төвд 28 хүүхэд ирээд байлаа. Энэ төвд ирж байгаа хүүхдүүдийн олонхи нь хоёроос 11 жил тэнэмэл амьдралаар амьдарч байгаа гэсэн судалгаа ч гарчээ. Голчлон гэр бүл дэх ажилгүйдэл, ядуурал, архидалт, эцэг, эхийн салалт, дээр нь PC тоглоомонд донтсоноос болж тэнэмэл амьдралыг хүүхдүүд сонгосон байна. Анх 1996 онд нийслэлийн Цагдаагийн газрын дэргэд Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийг байгуулж байхад жилдээ 1700 орчим хүүхэд ирдэг байжээ. Харин өнгөрсөн жил 865 хүүхэд хаяг тогтоох төвөөр “үйлчлүүлж”, эцэг, эхдээ очсон байна. Хэдийгээр статистик мэдээ нааштай гарч байгаа ч тайвширч болохгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал онцлон сануулсан. Улс орны санхүүгийн чадамжаас шалтгаалж тэнэмэл хүүхдүүдийнхээ асуудлыг ер нь л гаднын, тэр тусмаа шашны байгууллагад даатгачихдаг байсан бол одоо төр нь хүүхдүүддээ анхаарал халамж тавих цаг болсон гэдгийг тэрбээр мөн сануулав.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх үед холбогдох хуулийн зохицуулалтыг ч тусгаж өгөхөөр ажиллаж буйгаа дуулгасан. Мөн хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагуудыг нэг харьяалалд оруулах, төсөв мөнгийг нь нэмэгдүүлэх гээд анхаарах зүйл олон байгааг уг төвийнхөн хэлж байв. Жилдээ 118 сая төгрөгийн төсөвтэй энэ төвд эм, тарианы зардалд ердөө л 300 мянган төгрөг төсөвлөж өгсөн байдаг аж. Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд ирж байгаа бүх хүүхдийн эрүүл мэндэд зориулж жилд төсөвлөж өгсөн 300 мянган төгрөг хаанаа ч хүрдэггүй юм байна. Тэнэмэл амьдралтай хүүхдүүд ихэвчлэн Эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтгүй байдаг болохоор бусад эмнэлэгт хандах бололцоо ч хомс аж. Мөн хүүхдийн өвчлөл их байдгийг төвийн эмч хэлж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй буюу хэлгүй, дүлий хүүхэдтэй харилцах эмч энэ төвд байдаггүй юм байна. Энэ мэтчилэн бэрхшээлтэй олон зүйл байгааг дэд сайд В.Удвалд танилцуулж байв. Төв байрлаж буй байр нь 1896 онд баригдсан гээд бодохоор энэ төвд анхаарах зүйл олон аж. Дэд сайд В.Удвалын хувьд энэ бүх асуудлыг анхааралдаа авахаа мэдэгдээд, хаяг тогтоох төвд буй хүүхдүүдтэй амьдралынх нь, мөрөөдлийнх нь талаар ярилцаж, тэдэнд ном бэлэглэсэн юм.
Г.Дарь