Канадын Квебек мужийг уул уурхайн бүс болгоно

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Канадын Квебек мужийг уул уурхайн бүс болгоно

Канадын Квебек мужийн Засгийн газар тус улсын хойд хэсэгт уул уурхай, эрчим хүч, ойн асар өргөн хүрээтэй том төслүүд хэрэгжүүлж, олон мянган ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байна. Канадын хойд хэсэг дэх Квебек муж нь асар уудам онгон зэрлэг нутгийг эзэлдэг. Мужийн Засгийн газар  1.2 сая км/кв газар нутгийг уул уурхай, эрчим хүчний гол бүс болгохоор “Умардын төлөвлөгөө” гэгчийг боловсруулаад байгаа ажээ. Төлөвлөгөө ёсоор уг газар нутгийн тал хувийг  байгалийн нөөц газар болгож тусгай хамгаалалтад авах гэнэ. Уул уурхайн гол бүс болгохоор төлөвлөж буй Квебек муж нь никель, кобальт, цагаан алт, цайр, төмрийн хүдэр, болон байгалийн ховор эрдэст бодисын асар их нөөцтэй ажээ. “Умард Квебек мужид  уул уурхай хөгжүүлэх асар их нөөц боломж бий” гэж тус улсын Эрдэс баялгийн сайд онцолсон байна.  Квебекийн Засгийн газрын төлөвлөж буй “Умардын төлөвлөгөө” ёсоор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох, ойн аж ахуй, дэд бүтцийг хөгжүүлэх голдуу усны эрчим хүчийг ашиглах арав гаруй төсөл хэрэгжүүлэх ажээ.
 
Канадын хамгийн бөглүү тус мужид дэд бүтэц сайн хөгжөөгүй тул шинэ зам, нисэх онгоцны буудал, далайн боомт барих хөрөнгө босгохын тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байгаа юм байна.
Хэрэв тус мужийг уул уурхайн гол бүс болговол жилд 20 мянган ажлын байр шинээр бий болж, мужийн орлого 14.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж Засгийн газар тооцоолж буй. Дэлхий нийтээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй ийм үед тус улсын уур уурхайн томоохон компаниуд тус мужид хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа гэнэ.  Уул уурхайн олон улсын томоохон компаниуд болох “Arcelor Mittal”, “Xstrata”, “Tata Steel” болон “Barrick Gold” хэдийн хөрөнгө оруулаад эхэлсэн гэнэ. 

Мужийн Засгийн газраас хэрэгжүүлэх уг төлөвлөгөөг байгаль хамгаалах байгууллагууд болон нутгийн иргэд нягт шинжлэн, нарийвчлан танилцах ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж