
“Дүнжингарав хурд”-ын хурдан азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийн хээр азарга түрүүлж, УИХ-ын дэд дарга, Өвөрхангай аймгийн Хужирт харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батхүүгийн зээрд азарга аман хүзүүдлээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатарын хээр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач С.Төмөр-Очирын ембүү хээр, Улаанбаатар хотын “Урьхан санаа” ХХК-ийн захирал Б.Чинбатын зээрд айргийн тавд хурдалжээ.
Харин их насанд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаярын хар түрүү магнай болсон бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ч.Гансүхийн гуулин зээрд аман хүзүүдлээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн харьяат “Ажнай корпораци”-ийн захирал, Монгол Улсын алдарт уяач Д.Бат-Эрдэнийн хүрэн, Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Ц.Цэнгэлийн хүрэн халзан, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач С.Төмөр-Очирын бор айрагджээ.
Соёолон насны хурдан хүлгийн уралдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач У.Батсайханы өсгий цагаан хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд аман хүзүүдсэн бол Төв аймгийн Баянцагаан сумын уугуул М.Энхсайханы хээр, Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хүрэн халзан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн хонгор халзан хүлэг айргийн тавд оржээ.