Хувисгал хийхэд учир бий

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Хувисгал хийхэд учир бий

Хувисгал нийгэмд хамгийн халуун сэдэв болжээ. Хувисгал зайлшгүй гэдэг дээр бүгд санал нэгдэв бололтой. Одоо харин түүнийг хийх л үлдлээ. Хувисгал гэдэг энэ том төсөлийг хэрхэн удирддаг тухай зах зухаас нь сонирхоё.

Хувисгал гэдэг товчхондоо хуучиныг цоо шинэээр солино гэсэн үг. Тэрхүү солих үйл явц нь зүйрлэвэл хуучин байшингаа нураагаад шинэ байшин барихтай агаар нэг. Байшин барих газар нь нэг учираас эхлээд хуучнаа нурааж буулгахаас эхлэнэ. Хуучнаа нурааж, хог шороог нь юу ч үгүй зөөж цэвэрлэснийхээ дараагаар шинэ байшингаа бариж эхлэнэ. Өөр газар шинэ байшингаа баричихаад хуучныхаа оронд нэг шөнийн дотор авчраад тавичихдаг технологи одоохондоо төгс болж амжаагүй ажээ.

Устгал + Бүтээх = Хувисгал. Ийм томъёогоор хувисгал явагдана. Хуучин юмыг устгах гэдэг муухай ажил. Өмхөрч хуучиран элдэв үнэр танар шингэсэн хуучинтай зууралдаж, хог новшийг нь цэвэрлэнэ. Ялангуяа нийгмийн муухайг устгах тэр үйл явц нь өөрөө бас муухай байдаг. Муухайг муухайгаар дарах муухай үйл.

Устгаж дуусаад бүтээн байгуулах ажил эхлэнэ. Бүтээн байгуулах нь сайхан бөгөөд хамгийн утга төгөлдөр, аз жаргалтай ажил. Бүтээх ажил эхлэхээс өмнө хуучнаа бүрэн устгаад газар ороноо, бас өөрсдийгөө, сэтгэлзүйгээ цэвэрлэнэ. Лам хар дуудаж арц хүж уугиулна. Өөрөөр хэлбэл муухайгаасаа бүрэн хагацах хэрэгтэй. Тэгж байж шинээр барих ажлаа эхлүүлнэ. Муухай юмтай зууралдсан хүний сэтгэл нь хүртэл бузартчихдаг талтай. Тиймээс энэ муухай бузраасаа салж байж шинэ бүтээн байгуулалтдаа орох нь хувисгалын хувид маш чухал. Хувисгалчид устгалын ажлыг али болох богино хугацаанд хийж дуусгасаны эцэст өөрсдийн бузартсан сэтгэлзүйгээ цэвэрлэж бүтээн байгуулалтдаа яаравчлан орох ёстой. Харамсалтай нь мэдлэггүйчүүд хувисгал хийхлээр устгалын бузарт хэт автаад “устгах, сөнөөхийн дон туссан хэнээтнүүд” болж хувирдаг.

Ардчилсан хувисгалын 20 жилийг өнгөрсөн жилжингээ тэмдэглэв дээ. Эрх баригч хоёр нам хоёулаа тус тусдаа уралдан уралдан энэ ойг тэмдэглэсэн. Аргагүй л дээ, тийм том хувисгал болсон юм чинь. Монголын ард түмэн сүүлийн 300 жилд анх удаагаа жинхэнэ утгаар тусгаар тогтнолоо олж авсан түүхэн том хувисгал. Харин энэ хувисгал хэрхэн явагдсан бэ? Устгах юмаа бүрэн устгаж, бариж байгуулахыгаа гүйцээж чадсан уу?

Нийгмийн хувисгалыг хийхэд устгалын ажиллагаа маш чухал бөгөөд энэ бол дээр хэлсэнчлэн тун заваан, муухай ажил. Яагаад гэвэл муухайг муухайгаар л дардаг. Нийгмийн муухайг дарах тэр үйл явцад оролцсон хувисгалчдын сэтгэлзүй муухай болж орхидог аж. Шинээр бүтээх ажилдаа орохын өмнө тэр муухайгаасаа салах явдал маш чухал. Хувисгалчид тэр муухайгаасаа салж чадахгүй явсаар шинэ бүтээн байгуулалтдаа орвол хувисгал амжилт олдоггүй.Тийм болохоор зарим нийгэм дахин дахин бүтэлгүй хувисгалжаад байдгийн учир тэр. Ингэж бүтэлгүй хувисгалын эргүүлэгтэй учирсан ард түмэн гал усны гашуун зовлонг амсдаг.

Манай ардчилсан хувисгал УСТГАЛ-аа бүрэн хийж чадсан уу? Харамсалтай нь үгүй. Тэд чадаагүй. Яагаад гэвэл тэд МАХН-ыг устгах үйл ажиллагааг онолын хувид бүрэн зөвөөр тодорхойлж, түүнийг устгах арга замаа гаргаж чадаагүй. Устгал ч, бүтээн байгуулалт ч али али ни онолын зөв үндэслэл, нарийн тодорхойлсон зохиомж шаардана. Ардчилсан хөдөлгөөнийхэн буюу одоогийн Ардчилсан Намд тийм мэдлэг байсангүй. Өнөөг хүртэл тэд мэдэхгүйгээ мэдэж амжаагүй л явна.

Устгал гэдэг бол муу муухайг үгүй хийхийн тухай ойлголт. Юуг устгах гэж буйгаа зөвөөр тодорхойлж нийгэм даяар зарлан тунхаглахаас аливаа хувисгал эхлэх учиртай. Манифесто буюу Тунхагаа гаргахаас хувисгалт тэмцэл эхлэнэ. Хувисгалын Тунхаг гэдэг ард түмний хорсол, үзэн ядалтыг илэрхийлсэн онолын томоохон баримт бичиг. Тунхагаа гаргаснаар устгалын ажил эхлэнэ. Устгал эхлэхийн хажуугаар ямар шинэ нийгэм байгуулахаа томёолж, түүнийгээ нийтэд зарлах ёстой. Түүнийг Деклараци буюу Амлалт хэмээх тулгуур баримтаар хэрэгжүүлнэ. Бүтээн байгуулалтын дотор олон нийтийн бодлын хэв маяг-менталитиг шинэчлэх ажил чухал байр сууритай. Олон түмэнд баяр баясгалан, аз жаргал руу тэмүүлсэн зорилго, түүнд хүрэх арга замыг гэгээрүүлэн заах ёстой. Энд рациональ хийгээд эмоциональ хандлагыг хослуулах учиртай.

Манай “ардчилсан хувисгалчдад” Манифесто ч, Деклараци ч байгаагүй. Тэд нэг л зүйлийг бүүр түүрхэн ойлгож байв. Тэр нь коммунизмийг устгах. Устгахаа ч тэд сайн эхлүүлсэн дээ. Гэхдээ тэдэнд юуг бүтээх вэ гэдэгт тодорхой хариулт байсангүй. Ардчилалыг бүтээнэ гэж ам мэдэн донгодоцгоож байв. Гэвч тэр нь жинхэнэ биш хуурамч псевдо-ардчилал байжээ. Уг нь тэд ард түмний хийж бүтээснийг заналтайгаар устгах биш, хэт зүүний социализмийн үзэл суртал талын муу муухайг устгаж, цоо шинэ ардчилсан институцийг байгуулах ёстой баймаар.

Үнэн хэрэгтээ үндэстний хувид ардчилал бол арга зам болохоос туйлын зорилго биш. Хувисгалчид үндэстнээ хэрхэн сэргээн мандуулж, ямар үндэстэн болгохоо тов тодорхой зарлах ёстой. Түүнийгээ үндсэн хуулиараа зарлан баталгаажуулах учиртай. Мань ардчилагчид өнөө хэр устгасаар л байна. Устгал нь хэдэн хувитай яваа, хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Хаашаа, юуг зориж яваагаа өнөө хэр мэдэхгүй согтуу мэт бүдэчсээр л явна.

Ардчилалын гэх жилүүдэд ердөө 4-хөн жил засаг барисан болохоор юуг ч устгаж амжаагүй, бас бүтээж чадаагүй гэж Ардчилсан Намынхан гонгинодог. Тэдэнд тэгж гонгинох эрх байхгүй. “Ардчилалынхан” одоо ч төр бариж буй. Нийтдээ тэд 11 жил засгийн эрхэнд байж, 20 жил төр барилцаж ирлээ. Соц үеийн бүтээн байгуулалтыг нүд ирмэхийн зуур цөлмөж орхисондоо сэтгэл нь өчүүхэн ч эс ханан ард түмний бүхэл бүтэн үеийг “устахаас” нааш хөгжил ирэхгүй хэмээн ил цагаан өөрсдийгөө зөвтгөх тархи угаалтаа хийсээр. Ардчилалын он жилүүд тэдний цаг үе байсан. Олон улсын тавцанд ч чамгүй дэмжлэг авсан. Нийгмийн сэтгэлзүйг тэд удирдаж, нийгмийн “шинэ үнэлэмжийг” тэд л “бүтээсэн.” Учир утгагүй устгалыг үйлдсээр бие, сэтгэл, оюун нь бүхэлдээ бузартаж эцэстээ өөрсдийгөө устгах тавилантай байж.

Ардчилсан нам псевдо-ардчилал байгуулахыг зорилгоо болгож, “коммунизмийг устгасаар” өдий хүрсэн бол МАХН харин идеологигүй бүлэглэл болон хувирч, соц үед чамлахааргүй өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнээ бүрэн ашиглаж чадалгүй, тодорхойгүй зорилгын төлөө аар саархан юмтай зууралдсаар, үлгэрлэвэл “морь унасан толгойгүй хүн” адил явсаар 20 жилийг үдлээ. Тэдний толгойг “ардчилагчид” дутуу тасдаж орхисон юм. Эмнэг үрээ унасан согтуу залуу адил харсан зүгтээ үсчих “ардчилагчдын” хоосон үгэнд автаж нийгмийг чиглүүлж зөв замаар замнуулах үүргээ хөсөрдүүлсэн МАХН-аас ял асуух учиртай.

Гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр эхэлж, өнөө хэр монголын ард түмнийг зовоосоор буй “ардчилсан хувисгал” гэгч дуусдаггүй энэ хий үзэгдлээс салах цаг нэгэнт болжээ. Түүхэндээ анх удаагаа хувисгалыг өөрсдийн оюун билгээр онолын үндэстэйгээр хийж Хамуг Монгол Үндэстнээ сэргээн мандуулах түүхэн цаг айсуй. Хувисгалын тухай халуун яриа монголын талыг бүрхсээр.

http://buyantsogtoo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж