
Оролцогчид замын чанар муу байгааг дурьдаад стандартад анхаарах цаг болсныг хэллээ. Замын чанар муу байгаа нь стандартаас гадна хэрэглэдэг техник, хийж буй технологи, түүний мөрдөлт, хөрөнгө санхүүжилт, хяналт, боловсон хүчин гээд олон зүйлтэй холбоотой юм байна. Зам барьж байна хэмээн орчны байгалийг их сүйтгэж буйг хүмүүс шүүмжлэв. Энэ нь зураг төсөлд ашиглах карьерийг заадаггүйгээс хөрөнгө хэмнэх зорилгоор хаа байгаа газраа ухаж төнхдөгтэй холбоотой ажээ. Нийслэлд газар доорх шугамнаас болж нэг хийсэн зүйлээ эргэн сүйтгэж хөрөнгө үргүй зардгийг өөрчлөх цаг болсныг анхааруулав. Энэ нь хонгилын системд шилжсэнээр дахин давтагдахаа болих юм байна. Гэхдээ хонгилын системд шилжүүлэхэд асар их хугацаа, хөрөнгө орох тул шинээр барих барилга байгууламжуудын холболтын хоолойг энэ горимд нийцүүлэх ажлыг эхлэх бодлого барьж буйг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ дуулгав.
Салбарын шинжлэх ухааны байгууллагагүйгээс нэг сайд, УИХ-ын хэсэг гишүүдийн үзэмжээр асуудлыг шийддэг дутагдал бий болов уу гэх хүмүүс ч байлаа. Ямартай ч салбарын яамдын ажлыг уялдуулах явдал их үгүйлэгддэг бололтой.
Газар доорх шугам хоолой өөр яамны мэдлийн асуудал учраас зам засах, шинэчлэх хөрөнгөө шийдүүлсэн ч ажил хойшлогддог. Замын доорх хоолойнууд 50-60 жил болчихсон, солихоос өөр аргагүй ч шинэчлэх мөнгө нь төсөвт суудаггүй. Энэ нь төсөв хэлэлцэж баталдаг эрхмүүдийн нүдэнд ил харагддаггүйгээс хасагддаг байх. Тендер зарлаад хамгийн хямд үнэ амласан гадаадын компанид өгчих юм. Тэр нь байдлыг мэдээд хаяаад явчихдаг. Хамгийн бага гэхийн оронд илүү бодитой үнэ хэлснийг нь сонгууштай. Засгийн газрын шийдвэр гарчихаад хоёр сар өнгөрөхөд ажил эхлэхгүй цаг их алдаж байна. Бас айл өрхүүд газраа чөлөөлдөггүйгээс хугацаа алддаг. Авто замын хяналтын тогтолцоог өөрчлөх, сайжруулах хэрэгтэй байна. Зам эвдрээд байгаа нь энэ хяналт муутай холбоотой. Ашиглалт, арчлалт муу байна. Битум яваандаа олдоцгүй болох төлөвтэй. Иймээс бетон зам тавих асуудлыг онцгой анхаармаар юм. Замын инженер, техникчид хэрэгтэй. Гэтэл энэ чиглэлээр элсэлт ахиу авъя гэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зөвшөөрөхгүй байна. Замаа хөдөлгөөний нягтрал, ач холбогдлоор нь сайн эрэмбэлж байж тендер зарладаг болмоор юм. Үндэсний компаниудаа дэмжинэ гэж 10 жил ярилаа. Дэмжсэн юм алга гэх мэтээр олон санал, шүүмжлэл оролцогчдын зүгээс хэллээ. Салбар зөвлөл эдгээр саналыг нэгтгэн цаашдын ажил, шийдвэрт хэрэг болно хэмээн үзэж зөвлөмж гарган, Ерөнхийлөгч, Засгийн газарт өгөхөөр болов.