“Севилийн үсчин” үзэгчдийг эзэмдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

“Севилийн үсчин” үзэгчдийг эзэмдлээ

Дэлхийн хамгийн алдартай хошин дуурийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь өнгөрсөн бямба гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа амиллаа.

Сонгодог урлагт элэгтэй үзэгчдийн дуртай хоёр бүлэг дөрвөн үзэгдэлт “Севилийн үсчин” дуурийг Ж.Россинийн ердөө хоёр долоо хоногийн хугацаанд бичсэн гэдэг. Тэрээр Францын алдарт хошин зохиолч П.О.Бомаршегийн “Севилийн үсчин” драмын жүжгээс сэдэвлэн дууриа бичсэн бөгөөд 1816 оны хоёрдугаар сард Ромын “Аргентина” театрт анхны тоглолтоо хийсэн нь бүтэлгүйтэж, Ж.Россиний сэтгэлээр унаж байв. Ж.Россиний анхны тоглолтын дараа хүмүүсээс ичиж, өвчтэй нэрийдлээр гэрээсээ гарахгүй байсан гэдэг. Тэрээр гэртээ байх хугацаандаа “Севилийн үсчин” дуурийн партитураас үзэгчдийн дургүйцлийг төрүүлж байна гэсэн бүх хэсгийг хасч, дахин тайзнаа тоглосон нь харин үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Тэр орой театрт цугласан олон “Ноён маэстро Россиний мандтугай” хэмээх орилж, бүх үзэгчид Ж.Россинид хүндэтгэл үзүүлэн босч алга ташжээ. Ж:Россиний тухайн үед 24 настай байсан бөгөөд “Севилийн үсчин” дууриа бичсэнийх нь дараа суут хөгжмийн зохиолч В.А.Бетховен түүнд хандан “Ай, Россиний чи “Севилийн үсчин” дуурийг бичсэн хүн шүү дээ. Үүний чинь төлөө би чамд талархал илэрхийлэхэд хангалттай. “Севилийн үсчин” хэдэн зуун жил тоглогдсоор байх болно. Чамд дуурийн ямар ч төрлөөр бичих ур чадвар байна” хэмээн хэлж байв. Энэ нь түүнд маш их урам зориг өгсөн төдийгүй тэр хэдийнэ дэлхийн хүн болсон байлаа. Үүний дараа Ж.Россиний Хааны “Дельф Фондо” театраас У.Шекспирийн “Отелло” эмгэнэлт жүжгийн зохиолоор дуурь бичих захиалга авч байв. Ж.Россиний нийт 39 дуурь, мөн хэмжээний цөөхүүл хөгжим, шашны бүтээл туурвисан Италийн суут хөгжмийн зохиолч юм. Түүний туурвисан бүхэн түүнд “Итали Моцарт” хэмээх хочийг өгөхөд хүргэж байсан гэдэг.

Энэ суут хүний дэлхийн хамгийн алдартай хошин дуурийг үзэхээр театрт цугласан үзэгчид суудлаа эзэлэхэд урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү гарч ирэн симфони найрал хөгжимчдөд эхлэх дохиог өгч хөгжим эгшиглэв. Сэтгэл хөдлөм, жавхаалаг энэ хөгжим “Севилийн үсчин” дуурийн удиртгал хэсэг байв. Энэхүү удиртгал хөгжим Россинигийн итали характерийг тодорхойлсон хамгийн алдартай бүтээл юм. Хөшиг нээгдэхэд Севилийн нэгэн талбайд доктор Бартологийн байшингийн хөлсний хөгжимчдийн хамт гүн Альмавива амраг хайртай Розинад зориулан хайрын дуугаа дуулна. Гэвч Розина тагтан дээр гарч ирсэнгүй. Учир нь үзэсгэлэнт Розинаг асран халамжилдаг нэрийн дор өөрийн болгох атгаг санааг агуулсан хөгшин доктор Бартоло түүнийг бүхнээс харамлаж харддаг нэгэн байв. Иймд түүний тагтан дээр гарах битгий хэл өөр хүнтэй ярилцахыг хориглодог байв. Гүн Альмавива аргаа барж, гуниглан байхад Севилийн хамгийн алдартай сэргэлэн, жавхаалаг, зальжин Фигарогийн баясгалант дуу цуурайтан сонсогдоно. Үсчин Фигарогийн ари бол дэлхийн хамгийн алдартай ари юм. Энэ ариг багачууд ”Том Жерри” хүүхэлдэйн киноны Томын дуулдаг дуугаар нь сайн мэддэг. Фигаро, Фигаро, Фигаро хэмээн дуулах үсчин залуу гүн Альмавивад туслахаар шийдэж Розинад бичсэн захидлыг өвгөн Бартолод мэдэгдэхгүйгээр хүргэж өгдөг. Үсчин Фигаро заль ихтэй, сэргэлэн нэгэн бөгөөд Розина, Альмавива гүн хоёрын хайр сэтгэлийг нэгтгэж, тэдний хооронд гүүр болсноор тэд эцэстээ гэрлэж, аз жаргалтайгаар дуурь төгсдөг. Энэ үдэш үсчин Фигарод театрын шилдэг баритонуудын нэг соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр гайхалтай тоглосон. Харин үзэсгэлэнт Розинад театрын уянгалаг сопрано Ө.Уянга, Альмавива гүнд Ц.Доржсүрэн, өвгөн Бартолод Б.Алтанхуяг, Базилиод Ч.Чинзориг, Фиореллод Э.Бумхүү нар тоглож, үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн.

Ийнхүү Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 62 дахь удаагаа дэлхийн шилдэг “Севилийн үсчин” хошин дуурийг тоглолоо. Дэлхийн шилдэг тэр дундаа Италийн суут хөгжийн зохиолчийн хамгийн гайхалтай дуурийг үзэгчдэд бэлэглэсэн театрын уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Ирэх бямба гаригт театрынхан мөн л дэлхийн шилдэг дуурийн нэг Ж.Бизэгийн “Кармен” дуурийг багачуудад зориулсан хэлбэрээр нь Францын удирдаач Роберто Рессикогийн удирдлага дор тоглох юм.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж