“Алтай кашемир” бондоос нэг ч төгрөг авахгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

“Алтай кашемир” бондоос нэг ч төгрөг авахгүй

Засгийн газраас ноос ноолуурын үндэсний үйлдвэрлэгчдэд 110 тэрбум төгрөгийн  бондын санхүүжилт хийх саналаа УИХ-д тавиад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд эсрэг, тэсрэг ойлголт төрөөд байгаа юм. Дээрх бондын асуудлаар  үндэсний үйлдвэрлэгчдийнхээ санал бодлыг сонсохыг зорилоо. Ингээд “Алтай Кашмер”-ийн дэд захирал Б.Билэгттэй уулзаж ярилцлаа.

-Засгийн газраас ноос ноолуурын үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах саналаа УИХ-д хүргүүлсэн.  Гэтэл зарим хүмүүс монополиуд Засгийн газрын дэмжлэгээр 110 тэрбум төгрөгийн бондыг хувааж идэхээр санаархаж байна гэх шүүмжлэл өрнүүлээд байна?

– Монополь гэдэг  үг өөрөө их сонин ойлголт шүү дээ. Салбартаа дан ганцаар ноёрхож байгаа компанийг л хэлдэг болов уу. “Говь”, “Гоёо”, “Алтай Кашмер”, “Ээрмэл”, “Буян” гээд ноос ноолуурын салбарт өнөөдрийн байдлаар 12 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний хувьд хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа учраас л Засгийн газраас ийм дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. Дэлхий дээр ноос ноолуурын үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих  зайлшгүй шаардлагатай байна. Ноос ноолуурын үйлдвэрлэгчид 110 тэрбум төгрөгийн бондыг зүгээр л хуваагаад идчих юм биш шүү дээ. Хүмүүс өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Энэ мөнгө бол үйлдвэрлэл эрхлэх боломжийг өргөжүүлэх, эргээд Монгол Улсын эдийн засагт өгөөж авчрахад  зориулж буй  хамгийн чухал хөрөнгө оруулалт гэж дүгнэж болно. Хятад гэхэд л ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хөнгөлттэй зээл олгох, хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлэх талаар нэлээд арга хэмжээ авч байгаа. Энэ нь  тус улсын ноос ноолуурын үйлдвэрлэлд багагүй хөшүүрэг болж байна. Дэлхий дээр олон улсын цаг агаарын байдалд өөрчлөлт орж, мөн эрчим хүчний хэрэглээгээ танах болсон нь ноос, ноолуурын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг нэмэх болсон. Хэрвээ 110 бондын санхүүжилтын дэмжлэгийг Засгийн газраас  үйлдвэрлэгчид үзүүлж чадах юм бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, тэр хэрээр экспортын хэмжээ нэмэгдэнэ. Мөн ноос ноолуурын экспортоос болон үйлдвэрлэгчдээс  оруулах улсын төсвийн бүрдүүлэлт өсөх нь дамжиггүй юм.

-Зарим хүмүүс Ерөнхий сайд өөрийнхөө компани руу төрөөс санхүүжилт хийлгэхийн тулд 110 тэрбум төгрөгийн бондыг лоббидоод байна гэх хардаж байгаа. Энэ талаар танайхаас ямар тайлбар хийх вэ?

-Манай компанид 110 тэрбумын асуудал ямар ч хамаагүй.  Яагаад вэ гэвэл  110 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтээс  нэг ч төгрөг авахгүй гэсэн албан бичгээ манай компаниас холбогдох хүмүүст хүргүүлсэн. Гэтэл 110 тэрбум төгрөгийн бонд авах компанийн дотор манай компанийн нэрийг оруулчихсан байсан. Тиймээс яагаад “Алтай Кашмер”-ийн нэрийг үүнд оруулчихсан юм бэ гэдгийг Ноос ноолуурын холбооныхон,  Ноос, ноолуур үйлдвэрлэгч компаниудын нэгдэлээс асуусан юм. Тэгсэн чинь энд ануудрал гарчээ гэсэн хариулт өгсөн. Таны тавьсан асуултад хариулахад Засгийн газраас ноос ноолуурын үйлдвэрлэгчдэд олгох 110 тэрбумын бондоос “Алтай Кашмер” нэг ширхэг төгрөг ч авахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

-Манай үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн загвар муутай гэж гологддог. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ бол хоцрогдсон ойлголт. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадагшаа экспортоор гарч, гадаадын нэртэй том, том дэлгүүрүүдэд  өндөр үнээр зарагдаж байна. Загвар зохион бүтээгчид маань ч орчин үеийн, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой болсон байна лээ. Европчууд, Азийнхан, бас америкчуудын ноос ноолуурын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь Монгол Улсын экспортын хэмжээг нэмж байгаа. Ноолуур өдөр тутмаас гадна тансаг хэрэглээ шүү дээ. Зөвхөн өвөл өмсөх биш зун өмсч болох загвар сайтай даашинз, богино ханцуйтай цамц зэргийг үйлдвэрлэх болсон. Ноолууран бүтээгдэхүүн өвөл дулаахан, зун сэрүүхэн, бас хөнгөн, биед эвтэйхэн гэдэг утгаараа гадаадынхан худалдан авах дуртай байдаг.  Япон, Америкаас гадна Өмнөд Солонгос , Орос улс ноолууран бүтээгдэхүүн авах сонирхол нь ихэссэн.  Гадаад орнуудын үйлдвэрүүд нь түүхий нийлүүлэлтийн хомсдолоос болоод үүдээ барих болсон. Тиймээс Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл гадаадын зах зээлд эрэлт өндөртэй байгаа. Үүнийг л төрөөс зохицуулж, иргэдэд боломж олгох хэрэгтэй

-УИХ-аас 110 тэрбумын бондыг хуульчлах гэсээр байтал ноолуур бэлтгэх улирал өнгөрлөө. Та бүхэн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг ямар аргаар бэлтгэж байна. Хөрөнгө, мөнгөө хаанаас олж байна?

-Өөрт байгаа хөрөнгөөрөө ноолуур худалдан авч байгаа. Нөгөө талаар арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч түүхий эдээ бэлтгэдэг. УИХ-аас 110 тэрбум төгрөгийн бонд гаргасан тохиолдолд үйлдвэрлэгчид арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлөх, техник технологийнхоо хүчин чадлыг ашиглахад зориулах байх. Учир нь түүхий эдээ үйлдвэрийнхээ хүчин чадлын хэмжээнд нөөцөлж чадахгүй байна. Хэрвээ хүчин чадлаараа үйлдвэрүүд  нь ажиллаад эхлэх юм бол  ноолууран бүтээгдэхүүний үнэ нь буурна, тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, ажиллах түний тоо өснө гэсэн үг. Манай компани гэхэд өнөөдрийн байдлаар 300 ажилчинтай. Хэрвээ үйлдвэрийнхээ хүчин чадлаар ажиллавал энэ тоо өснө гэсэн үг.  Тэгэхээр 110 тэрбум төгрөг үйлдвэрлэгчид төдийгүй улс оронд маш их хэрэгтэй байна.

-Ноос ноолуурын холбооноос Хятад руу гаргадаг түүхий ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөг болгох санал гаргасан. Хэрвээ энэ саналыг УИХ дэмжсэн бол үйлдвэрлэгчдэд ашигтай байх байсан биз дээ?

-Хоёр талтай л асуудал. Зөвхөн үйлдвэрлэгчдээ, бас эсвэл малчдаа бодож болохгүй. Аль алиныг нь бодолцох хэрэгтэй. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэдэг шиг. Тиймээс ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөг болгох нь чухал биш. Хамгийн гол нь 110 тэрбумын бондыг гаргах  нь ашигтай. Хэрвээ ноолуурын экспортын татварыг10 мянган төгрөг болгосон бол Монголын зах зээл дэх ноолуурын үнэ навс унана. Малчид хэцүүдэнэ шүү дээ.  Ноолуураа зарж бэлэн мөнгө залгадаг тэдэнд хэцүү. Тэгээд ч жилд Монгол Улс 6-7  мянган тонн ноолуур бэлтгэдэг гэхэд бүгдийг нь дотооддоо боловсруулж чадахгүй. Хятадын том зах зээл рүү нийлүүлэхээс өөр аргагүй.  Одоо бол Монгол Улс нэг  мянган тонныг нь боловсруулаад бусад нь Хятадын зах зээл рүү гардаг. Үүнийг л 50, 50 хувьтай болгохын тулд 110 тэрбумын бондын санхүүжилт зайлшгүй хэрэгтэй байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж