
Тус байнгын хорооны дарга Д.Зоригт “Д.Зоригт сайдыг хэлэлцэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ардын намын бүлэг энэ талаар хэлэлцсэний дараа байнгын хороо хуралдана” гэснээр хуралдаан завсарлав. Ингээд Ардын намын бүлэг хуралдах байсан боловч эхлээд намын Удирдах зөвлөл хуралдлаа. Ардын намын Удирдах зөвлөлийн хуралдаанд Ардын намын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайд М.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, нийслэлийн Ардын намын дарга Г.Мөнхбаяр нар байв. Удирдах зөвлөлийн хуралдаан хаалттай бөгөөд нам гүмхэн боллоо. Тэд Д.Зоригт сайдыг “Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлэлцээр хийснээр шалтаглан огцруулах талаар ярьж байгаа нь үндэслэлгүй” гэж үзсэн аж. Мөн хамтарсан Засгийн газрын ажлын үр дүнд олон жил ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй Тавантолгойн ордыг ашиглах тухай “галт тэрэг”-ийг хөдөлгөсөн. Тиймээс “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах үндэслэл байхгүй” гэж үзсэн байна. Ийнхүү сайдыг намын удирдлагууд нь хоёр дахь удаагаа “улаан цээж”-ээрээ хамгаалахаар болжээ. Ардын намын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Ардчилсан намын бүлэг мөн хуралдах гэж байна. Тэд “Огцруулах хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргачих юм биш биз” гэсэн яриа өрнөсөн аж. Харин Ардчилсан намын удирдлагын зүгээс “Манай намын гурван гишүүн байр сууриа илэрхийлсэн. Харин намын удирдлагаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулна гэсэн бодолгүй байгаа” гэдгээ илэрхийлсэн бололтой. Харин Ардын намын зарим гишүүний байр суурийг сонсоход “Д.Зоригтыг огцруулах талаар ярьж байгаагийн цаана улс төр байна. Огцруулах шаардлагагүй” гэх хариултыг өгч байсан юм. Ардын намын бүлгийн хуралдаанаар “Хувь хүн Д.Зоригтын хувьд алдаа, оноо бий. Мөн сайдын ажлын хувьд эрчимжүүлэх шаардлага ч байгаа. Гэхдээ энэ нь огцрох хэмжээний асуудал биш” гэж үзлээ. Бүлгийн гишүүд Удирдах зөвлөлийнхөө бодлогыг хатуу баримтлахаа ч мэдэгдсэн байна. Харин эсэргүү гэгдэх Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын гишүүн байгаагүй учир бүлгийн хуралдаанд сөрөг байр суурь илэрхийлэх гишүүн гараагүй гэнэ. Дугаар шилжих мөчид Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусаагүй байлаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин