Мөнгөн уснаас хордож байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Мөнгөн уснаас хордож байж болзошгүй

Өмнөговь аймагт мөнгөн усны хордлого гарсан эсэхийг судлах баг  тус аймгийг зориод тав хонож байна. Эрүүл мэндийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан тушаалын дагуу Өмнөговь аймгийн 0-5 насны хүүх­дүүд болон эхчүүдийн дунд мөн­гөн усны нөлөөлөл бий эсэхийг судлах зорилготой ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсэг Даланзадгад, Булган, Цогт-Овоо, Хүрмэн, Ханбогд сумдад ажиллаад тав хонож байна. Судал­гаагаар алтны орд ихтэй Өмнө­говь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг тогтоосон.

Үүнээс Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдэх болсон юм. Үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага байгаа учир Өмнөговь аймагт хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх мөнгөн усны нөлөөллийн төвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжлийн байдалтай уялдуулан судлахаар болсон байна. Ингэхдээ хүний цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийж байгаа юм. Ажлын хэсэгт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЭНЭШТ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн мэд­рэл, арьс, хүүхэд, эмэгтэйчүүд, хорд­логын эмч нар болон лабораторийн шинжээчид багтаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт нийслэлд ирж, судалгааныхаа дүнг гаргах юм.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж