
Үүнээс Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдэх болсон юм. Үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага байгаа учир Өмнөговь аймагт хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх мөнгөн усны нөлөөллийн төвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжлийн байдалтай уялдуулан судлахаар болсон байна. Ингэхдээ хүний цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийж байгаа юм. Ажлын хэсэгт Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЭНЭШТ, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн мэдрэл, арьс, хүүхэд, эмэгтэйчүүд, хордлогын эмч нар болон лабораторийн шинжээчид багтаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт нийслэлд ирж, судалгааныхаа дүнг гаргах юм.