Шатахууны хязгаарлалт үргэлжилсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Шатахууны хязгаарлалт үргэлжилсээр байх уу?

ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны хомсдолыг арилгахын тулд энэ сараас экспортыг хязгаарлаж, лайт маркийн нефтийн экспортын татварыг 44 хувиар нэмэгдүүлэх болсон тухай тус улсын Засгийн газрын албаны хүн “Ройтерс”-т мэдээлсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар түүхий нефтийн экспортын татвар 90 хувиар нэмэгдэж болзошгүй гэнэ. Экспортын шатахууны хязгаарлалт цаашид хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг тонн нь 283.9 ам.долларын ханштай байсан түүхий нефтийн экспортын татвар нэмэгдсэнээр энэ сард нэг тонн нь 408.3 ам.долларт хүрнэ гэж ажиглагчид таамаглаж байна.

Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч ОХУ-д дотоодын шатахууны хомсдол бий болоод буй ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин газрын тосны компаниудад жижиглэнгийн үнийг хориглосноос хойш шатахууны хомсдол бий болж, Алтай бүсийн шатахууны нөөц дууссан байна. Одоогийн байдлаар Алтай, Сибирь, болон Умард Казакстан дахь “Роснефть”, “Газпром нефть” зэрэг компанийн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсээд байгаа  ажээ. ОХУ-ын дийлэнх хотуудад шатахууны олдоц ховор байгаа тухай иргэд гомдоллож байгаа гэнэ. Новосибирск, Алтай, Сибирийн районуудад  шатахуун олгохдоо лимит тогтоож эхэлсэн бөгөөд жолооч тус бүрд нэг удаа 20 литрээс илүүг худалдаалахгүй байгаа ажээ. ОХУ-ын шатахуун үйлдвэрлэгч гол компани “Роснефть” Алтайн районы шатахуун түгээгүүрийн газруудаа дөнгөн данган шатахуунаар хангаж байгаа бөгөөд хувийн шатахуун түгээгүүрийн газруудад шатахуун нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна. ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны үнийг зохицуулахаар хөндлөнгөөс оролцсон нь шатахууны хомсдол үүсгэж байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байгаа юм.

Москвагийн оршин суугчид нэг литр шатахууныг 24.45 рублиэр худалдан авч буй нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тогтвортой байгаа үнэ ажээ. Харин ОХУ-ын захын районуудад шатахууны үнэ харьцангуй үнэтэй байгаа гэнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж