
Дэлхийн ноолуурын зах зээлд өмнөд хөрш 60 хувь, Монгол улс 30 хувийн түүхий эд нийлүүлдэг гэнэ. Харин сүүлийн үед хятадууд ноолууран бүтээгдэхүүн гадагш нь экспортлохоо багасгасан бөгөөд зах зээлийн эрэлт их байгаа энэ үед ноолуурын салбарыг бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн хуулийн төслийг санаачлагч Засгийн газрын төлөөлөгчид онцолж байв.
Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн үеэр энэхүү бонд гаргах бодлогыг шүүмжлэх гишүүд цөөнгүй байв. Шүүмжлэлийн гол агуулга нь ихэнхи “түүхий эд ченжүүдийн гарт орчихсон үед хөрөнгө оруулалтын бодлого оруулж ирж байгаа нь оройтсон зүйл биш үү” гэж байв. Тавдугаар сар гэхэд нийт ноолуурын 90 орчим хувь нь хэдийн ченжүүдийн гарт орчихсон байдаг аж. Түүнчлэн энэ онд 2000 тонн ноолуур зарагдахад 70 хувийг нь хятадын хөрөнгө оруулагчид, 30 хувь нь үндэсний аж ахуй нэгжүүд худалдан авсан аж.
Сангийн сайд С.Баярцогт энэ зээлийн талаар “Уул уурхай хөгжихийн хэрээр бусад салбар өрсөлдөх чадвараа алдах гээд байна. Бид бусад салбараа бодлогоор дэмжих хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалт гэх асуудал бий. Монголын брендийг бий болгохын тулд үндэсний компаниуд нэгдэх хэрэгтэй болоод байна. Энэ бол хятадын зах зээлтэй өрсөлдөхийн тулд хэрэгжүүлж буй бодлого” гэсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдон жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал сөхөгдөж байсан тул хуралдаан даргалагч Эдийн засгийн байнгын хорооноос санаачлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар ирэх долоо хоногт нээлттэй сонсгол зохион байгуулах болсноо дуулгав.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Засгийн газраас “Ноолуурыг самнасан ноолуур болоод бэлэн бүтээгдэхүүн байдлаар дэлхийн зах зээлд борлуулах нь зүйтэй. Бид Хятад улстай хорио цээрийн хэлэлцээрийг 2003 онд байгуулсан. Үүнээс хойш тэд түүхийгээр нь ноолуурыг авч гарахаа болиод самнасан ноолуур болгож гаргах үйлдвэрүүдээ Монголд оруулаад ирчихсэн шүү дээ. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи үйлдвэрүүд хятадын хөрөнгө оруулалттай байна. Үүнээс үндэсний үйлдвэрлэгчдийн маань самнах хүчин чадал хэдий түвшинд байгаа вэ” хэмээн асуув. Мөн Я.Батсуурь гишүүн “Ноолуурын салбарыг дэмжихийг зөвшөөрч байгаа ч, яаж дэмжих вэ гэсэн арга хэлбэрийг нь дэмжихгүй байна. Төр ер нь яагаад заавал татаас хэлбэрээр оролцож дэмждэг юм бэ. Үүнээс чинь хэдэн монополь компаниуд л ахиу авдаг шүү дээ” хэмээн шүүмжлэв. Түүний хэлэх гэсэн гол санаа нь “бизнесийг хөл дээр нь бостол татвараас чөлөөлж дэмждэг байтал, манайд эсрэгээрээ хөл дээрээ босчихсон хэдхэн үйлдвэрт татаас өгч байна” гэдэгт байв.
Түүнчлэн “энэ зээл ноолуурын нэгдэлд шууд тараагдах юм уу эсвэл арилжааны банкаар дамжих юм уу” гэх асуултыг Засгийн газрын төлөөлөгчдөд тавьж, ноолуурын зээлийг банкаар дамжуулах эсэх нь тодорхой байх хэрэгтэй. Мөн нөхцөл нь тодорхой биш байна. Ямар хүүтэй байх вэ гэдгийг найман хувь гэж хэлж байна. Гэтэл цаасан дээр бодитой тоо алга” хэмээх шүүмжийг хэд хэдэн гишүүн хэлээд амжив.
Сангийн сайд эдгээр асуултад хариулт өгч байсан бөгөөд “Төслийг боловсруулж оруулахдаа багц байдлаар оруулж ирсэн. Засгийн газар дээр ярьж байгаад татварын нэгдсэн бодлоготой байна гэдэгт утгаараа аль нэг салбарт чөлөөлөлт өгөх нь зохимжгүй гэж үзсэн. Энэ чинь хэдэн компаниудад тараах татаас биш зээл шүү дээ. Хамгийн гол нь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Татварын механизмаар дэмжлэг үзүүлэх нь нь зүйтэй санал мөн боловч нэг салбарыг татвараас шууд чөлөөлөх нь тийм ч зохимжтой биш байна.
Төсвийн тодотгол хийсэн бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хамт оруулж ирж болох байсан. Банкаар дамжуулан хөрөнгө оруулалт хийгддэг тогтолцоо манайд хэдийн бий болсон” гэв.
Ноолуурын салбарыг дэмжихэд урт хугацааны бонд гаргах ёстой хэдий ч үүний тулд улсын төсөв суулгаж тодотгол хийх ёстой. Иймд төсвийн тодотгол хийгүйн тулд тухайн жилд эргэн төлөгдөх бонд байдлаар энэ 110 тэрбум төгрөгийг ийнхүү оруулж ирэхээр болсон аж. Хэдий хуралдааны турш энэ асуудал шүүмжлэл дагуулж байсан ч цаг хугацааны хувьд яаралтай оруулан хэлэлцэх нь илүү ач холбогдолтой гэж дийлэнх гишүүд үзсэн бөгөөд уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ асуудлыг бэлтгэх ажлыг хэсгийг байгуулсан байна.
Б.МАНДАХ