Нэрт зүтгэлтнүүдийн алдрыг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Нэрт зүтгэлтнүүдийн алдрыг тэмдэглэлээ

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг угтаж Төв аймгийн МАН-ын хороо 90 ахмад гишүүний хөдөлмөр алдрыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аймгийн ЗДТГ, МАН-ын хороо хамтран энэ сарын 25-нд  төр нийгмийн ахмад зүтгэлтэн аймгийн засаг даргаар олон жил ажиллаж байсан Ч.Дашдэмбэрэл, аймгийн МАН-ын I нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Адъяа нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэлээ. Энэ хоёр ахмадын хөдөлмөр алдрыг тэмдэглэх арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч асан Багабанди, УИХ-ын гишүүн шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон аймгийн удирдлагууд, намын хорооны гишүүд оролцлоо. Энэ үеэр хоёр ахмадын ажил амьдралын замналыг танилцуулж, Төв аймагт ажиллаж байсан үеийнх нь амжилтын талаар кино бичлэг үзүүлж байлаа. Хөдөлмөр алдраа тэмдэглүүлж байгаа хоёр буурлыг ажиллаж байх үед Төв аймаг ажил амжилт дүүрэн байсан байна. Төмс, хүнсний ногоогоор улсдаа тэргүүлж, сүү махаар Улаанбаатар хотыг хангадаг байлаа. Тиймээс ч 1976 онд Төв аймаг хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1978 онд төрийн дээд 4 байгууллагын дээд шагналаар шагнагдаж байсан  байна. Дашрамд хэлэхэд Ц.Адъяа гуай намтайгаа яг чацуу 1921 оны гуравдугаар сарын 1-нд төрж, эдүгээ 90 насыг зооглоод байгаа юм.

Төв аймгийн хөгжлийн 90 жилийн 15 жилийг энэ хоёр дарга удирдаж аймгийнхаа хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж явсан юм.

Г.Хишигсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж