
Хурлаар нийслэлийн намын анхан шатны байгууллагуудын дунд “Тэргүүний намын үүр шалгаруулах болзолт уралдаан” зарлахаар болж удирдамжаа баталлаа. 2 үе шаттай явагдах энэхүү болзолт уралдааны эхний шалгаруулалт энэ оны 12 дугаар сарын 25-нд, 2 дахь шалгаруулалт 2012 оны 2 дугаар сарын 25-нд буюу “Эх орончдын баяр”-ын өмнө болж нийслэлийн тэргүүний намын үүрүүдийг тодруулах юм. Шагналын сан өндөр энэхүү уралдаанд намын үүрүүд идэвхтэй оролцоно гэдэгт Нийслэлийн намын байгууллагын удирдлагууд итгэлтэй байна. Нийслэлийн намын хорооны 2011 оны ажлын төлөвлөгөөнд орох нэмэлт өөрчлөлтүүдийг хурлаар хэлэлцэж сар бүр намын анхан шатны байгууллагын дарга нартай мэдээлэл солилцох ажил төрлийн уулзалт хийж байхаар боллоо.
Өнгөрөгч сарын сүүлээр Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлөөс нийслэлийн намын үүрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Энэхүү ажлынхаа үр дүнгийн талаарх мэдээллийг Монгол Ардын Намын Хэрэг Эрхлэх Газрын Намын зохион байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа. Намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн үнэлэлт дүгнэлтийг нийслэлийн намын хорооноос анхааран ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллахаар болжээ.