Арабын ертөнцийг атгах ”Хөзөр” хэний гарт байна вэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Арабын ертөнцийг атгах ”Хөзөр” хэний гарт байна вэ

Оросууд сюрпризээ задаллаа. Цөмийн зэвсэг эсэргүүцэгчээрээ Хятадаас илүүрхэв. Тэдний гео ашиг сонирхол Аляскийн хойг, Курилын арлуудаас хальж, Арабын ертөнцийг чиглэлээ. Тиймээс Ялалтын баяраар зэр зэвсгийнхээ сүр хүчийг   гайхуулав. “Армитай шүү” гэдгээ сануулав. ОХУ бол цөмийн зэвсэгтэй орон. Оросууд дайнч хүмүүс. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг тэд зөвхөн Ялалтын баяр биш, Оросын сүр хүчийг гайхуулах өдөр болгон тэмдэглэдэг боллоо. Посткоммунист орнууд Америкийг нэг л зүйлээр айлгадаг. Мэдээж хэрэг, энэ бол зэр зэвсэг, мэргэшсэн арми юм. Цагаан хэрэм орчмоос, бас Солонгосын хойгоос Вашингтоны зүг түгшүүрийн дохио өгөх нь ч хэвийн үзэгдэл шахам болсон.

Орос, Америкийн хооронд өрнөсөн геополитикийн зөр­чилдөөн улам даамжирч байна. Кремлийнхний зүгээс “Америкчууд Ойрхи Дор­нодын хэрэг явдалд хөндлөнгөөс оролцохоо боливол таарна” хэмээн удаа дараа мэдэгдсэн нь ээдрээт харилцааг бүр ч хурцатгасан хэрэг болов. Оросуудад ч бардамнах шалтгаан байгаа бололтой. Учир нь “АНУ зэр зэвсгийн технологиороо бусад улсыг хэдэн арван жилээр ардаа орхисон” хэмээх эрдэмтдийн дүгнэлтийг олон улс үгүйсгэхэд хүрээд байгаа юм.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн сард “ОХУ Ливийн хэрэгт оролцоогүй бол АНУ тэргүүтэй холбоотнууд Арабын ертөнцийг тэр чигт нь “базах” байсан” гэж мэдэгдсэн. Тэгвэл Пакистаны зарим хэвлэлд “Их гүрнүүд жижиг орнуудыг эзэмшилдээ оруулаад бараг дууслаа” хэмээн бичих болжээ. Үнэхээр ч Орос, Америкийн зөрчилдөөн Арабын ертөнц дэх улс төрийн уур амьсгалыг “халааж” орхилоо. Тэд хямралд өртсөн орнуудын эрх баригчдыг мөнгөөр худалдан авч, нууцаар зэвсэг нийлүүлэн хооронд нь байлдуулдаг үзэгдэл нэгэнт хэвшил болжээ. Харин дараа нь “Энхийг сахиулах ажиллагаа” нэрийн дор хяналтаа тогтоодог. Мэдээж хэрэг, үүнийг эсэргүүцэгч дүр үзүүлдэг их гүрнүүд гарч ирнэ. “Улс орны үндэсний аюулгүй байдалд бүдүүлгээр халдлаа” гэж шүүмжилнэ. Олон улсын тавцнаас сүржин мэдэгдэл хийнэ. Иймэрхүү үзэгдлийн хамгийн ойрын жишээ нь Ливи улс юм. АНУ тус улсыг бөмбөгдөхөд оросууд өмөөрсөн. НҮБ “Сирид нүүрлэсэн хямралыг энхийг замаар шийдье” гэтэл Цагаан ордныхон эсэргүүцэж, оросууд дэмжсэн билээ. Талууд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлснийхээ эцэст нэг нэгнээ “Өдөөн хатгагч” хэмээдэг.

Ингэхэд зэвсэгт дайчдыг М.Каддафийн эсрэг хэн босгосон юм бэ. Үүний хариулт тун тодорхой. Америк ба Орос. Их гүрнүүд Ливид нүүрлэсэн хямралыг улам газар авахуулж байгаа хэрэг. Гэвч үүнийг зогсоох хүч Ливийн эрх баригчдад ч, энгийн ардуудад ч алга. Тэр ч бүү хэл холбоотон улсууд Цагаан ордныхон болон Кремлийнхний сөргөлдөөнд дипломат байр суурь илэрхийлэхээс өөр гарцгүй болчихоод байна. Учир нь америкчууд тус улсад агаараас цохилт өгч, ОХУ М.Каддафийн армийнханд нууцаар зэвсэг нийлүүлдэг хэвээр. Олон улсын ажиглагчид энэ талаар “Үл ойлголцлыг эцэслэн шийдвэрлэх ганц л гарц байна” хэмээн тайлбарлажээ. “АНУ, ОХУ-ын эрх баригчид хоорондоо ойлголцох учиртай” гэж. Хэрэв энэ нь бодит байдалд биеллээ олохгүй бол хүйтэн дайны үед Герман, Вьетнам, Солонгосыг хоёр хувааж байсан түүх Ливид давтагдах магадлал өндөр байгаа юм. Харин улс төр судлаачид нэгэн сониролтой гаргалгааг хийжээ. Тэд “Оросууд Ливийн асуудалд оролцож эхэлсэн нь АНУ-д таагүй нөлөө үзүүлнэ. Гэхдээ ашгийн харьцаа нь 50:50 хувьтай төгсөх биз дээ” хэмээх таамаг дэвшүүлсэн аж. Гэвч тэд яагаад 50:40 ч юмуу 50:30 гэсэн гаргалгааг хийсэнгүй вэ. 50:50 гэдэг бол эн тэнцүү харьцаа. Тэгэхээр Орос, АНУ-ын тал Ливиэс адилхан ашиг хүртэнэ гэсэн үг. Хамгийн гол нь Арабын ихэнх орны байр суурь Америкийн эсрэг чиглэж байгаа. Их гүрнүүдийн сөргөлдөөн, арабуудын эсэргүүцлийн үр дүнд Ази дахь газрын тос, шатахууны зах зээлийг хумих боломжийг америкчуудад олгох биз. Оросууд НҮБ, НАТО-ийнхныг “Та нар Сирид анхаарлаа яагаад хандуулахгүй байгаа юм бэ” хэмээн адгах зуур тус улсад хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг хорих газар болгон ашиглаж байна.  

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж