А.Энхтуул дэлхийн аваргын эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

А.Энхтуул дэлхийн аваргын эрхийн төлөө

Шатрын сурагчдын дэлхийн аварга, ОУХМ А.Энхтуул Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн, залгуулаад насанд хүрэгчдийн дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө Азийн бүсийн аварга шалгарууулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж дуусчээ. Дээр дурдсан хоёр тэмцээн хоёулаа Филиппин улсад болох бөгөөд тэрбээр өнөөдөр орой эх орноосоо мордох гэнэ. Өсвөрийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-22-нд Субик хотноо болох бол Азийн бүсийн АШТ Тагаятай хотод 23-31-ний хооронд болох юм. Тагаятайд болох тэмцээнд амжилттай оролцвол А.Энхтуул насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй хамт өрсөлдөх эрхээ авна.

Мэргэжлийн шатарчдын эгнээнд зүй ёсоор орж, их мастер цолоо биелүүлэх боломж олгож буй тус хоёр тэмцээнд оролцох зардлыг “Бороо гоулд” компани бүрэн хариуцахаар болжээ. Энэ талаар өнөөдөр “Бодь” цамхгийн 11 дүгээр давхарт байрлах тус компанийн хурлын танхимд мэдээлэл хийлээ. Хуралд “Бороо гоулд” компанийн Үйлдвэрлэл хариуцсан ахлах менежер Иан МкНийл тэргүүтэй компанийн төлөөлөгчид, А.Энхтуул, түүний ээж н.Валя, багш П.Жигжидсүрэн нарын хүмүүс байлцлаа.

Урьд өмнө нь ч А.Энхтуулын тэмцээн, уралдаанд оролцох санхүүгийн тал дээр туслалцаа үзүүлж байсан “Бороо гоулд” компани залуу, авьяаслаг шатарчинд цаашид өндөр амжилт гаргахыг хүсэв. Хурлын дараа А.Энхтуул тус компанийн ажилчдын хүүхдүүдтэй нэгэн зэрэг шатар нүүжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж