Байнгын хороодоор дараах асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Байнгын хороодоор дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж,  санал дүгнэлтээ  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна. Мөн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Түүнчлэн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай (ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор) УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас зарлагджээ. Түүгээр Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хөвсгөл аймгийн Ханх хилийн боомтын ангиллыг олон улсын болгон өөрчлөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ажлын явцын талаарх асуулт"-ын хариуг сонсох аж.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас эхлэх аж. Энэ хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж