Б.Хурцын шүүх хуралд Монголын хоёр төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хуралд Монголын хоёр төлөөлөгч оролцоно

Европын холбооны улсын баривчлах захирамжийн дагуу  өнгөрөгч оны есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас саатуулагдсан Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал ирэх баасан гаригт болно. Түүнийг  УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж 2003 онд Франц улсаас  Д.Энхбатыг хулгайлж авчирсан хэрэгт Германы тал буруутгаж олон улсын төвшинд баривчлах захирамжийг тараасан юм.  Английн шүүхээс түүнийг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг өнгөрсөн хугацаанд таван удаа  хэлэлцэж,  зургаа дахь удаагийн шүүх хурлаар тус улсад  шилжүүлэх шүүхийн захирамж гаргасан юм. Энэхүү шийдвэрийг Б.Хурц эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.  Ирэх баасан гаригт болох давж заалдах шатны шүүх хурлын талаар Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Болороос тодруулахад, ”Давж заалдах шатны шүүх хурлаар Германы талд шилжүүлэх шийдвэр гарвал байдал хүндэрнэ. Манай ажлын хэсгийнхэн хуралдаж  иргэнээ авах талын бүхий л боломжийг эрэлхийлж байна” гэв. Ажлын хэсгийн ахлагчийн өгсөн мэдээллээр анхан шатны шүүх хуралд оролцож байсан албан төлөөллөөс  ирэх баасан гаригт болох шүүх хуралд  манай улсаас Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл , тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор нар оролцох юм байна.

Сүүлийн үед Б.Хурцын эцэг Д.Бат шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан боловч Английн тал хү­лээж авахгүй байна гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр цацагдсан юм.  Энэ талаар Д.Бат  “Яг одоо бол шүүх ху­ралд оролцох хүсэлт гаргаа­гүй” гэсэн хариулт өгч байна.  Б.Хур­цын давж заалдах шатны шүүх хурал болж,  Германы талд шилжүүлэх шүүхийн захирамж гарахад хүрвэл байдал хүндэрч хүн хулгайлсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдах юм. Эх сурвалжийн мэдээллээр бол Д.Энхбатын эхнэр нөхрийг нь Монголын тагнуулын ажилтнууд хэрхэн хулгайлж авч явсан, хулгайлагдаж монголд ирс­ний дараа  хэрхэн эрүү шүүлтэд орж бие нь муудаж амь насаа алдах болсон  эмчийн магадлагаа зэргийг  Германы Дотоод хэргийн яамны төлөөлөгчдөд өгсөн гэнэ. Б.Хурцыг саатуулагдсанаас хойш хэд хэдэн удаа Германы хууль хяналтын байгуулагынхан талийгаач Д.Энхбатын гэр бүлийнхэнтэй уулз­жээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард со­нин хэвлэлийнхэнд хандан талийгаачийн төрсөн дүү Д.Баяраа “Лондонд болох шүүх хуралд та­лий­гаач агсны эхнэр оролцох хү­сэлт тавина” гэсэн мэдээлэл өгч байв. Харин эл мэдээлэлд ГХЯ-ны зүгээс боломжгүй гэсэн хариултыг өгч байжээ. Учир нь Б.Хурцад холбогдох шүүх хуралд  талийгаачийн гэр бүлийнхэн оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй гэнэ.  Лондонд болж буй шүүх хурлаар Б.Хурцын хүн хулгайлсан хэргийг хэлэлцэхгүй учраас түүний гэр бүлийнхэн  оролцох боломжгүй аж. Шүүх хуралд зөвхөн хохирогч, гэрч, өмгөөлөгч оролцохоор хуульчилсан байдаг гэнэ. 

Харин хүн хулгайлсан хэрэгт Германы талд шилжүүлэхэд хүрвэл Д.Энхбат агсны хүүхдүүд гэр бүлийнхэн  шүүх хуралд хохирогчоор оролцох боломжтой юм байна. Лондонд Б.Хурцыг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараахан түүний төрсөн хүүхдүүд болох  Д.Золбоот, Д.Золбообаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан  хилсээр гүтгүүлж хулгайлагдан ирж амь насаа алдсан эцгийнхээ нэр төрийг сэргээлгэж, амь  насыг нь нэхэмжлэх тухай  өргөдлийг  Германаас илгээсэн билээ. Тэд өргөдөлд дурдахдаа Европын холбооны улсын хууль тогтоомж зөрчин хүн хулгайлсан Монгол улсын хууль хяналтын дээд шатны байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцохыг сануулж, эцгийнхээ амь насыг гурван сая ев­ро­гоор төлж өгөхийг албадан шаард­сан бичгийг хүргүүлсэн байна. Хэрэв тодорхой хугацааны дотор ямар нэгэн байдлаар хариулт  өгөхгүй бол Олон улсын хүний эрхийн бай­гууллага, шүүхэд ээлж дараалан хан­дах болсноо ч нуугаагүй юм байна. Харин Ерөнхийлөгчийн зүгээс мөн­гө нэхэмжилж, цагаатгах хүсэлт тавьсан өргөдөл гомдолд хараахан хариу явуулаагүй юм байна.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж