
Монголын мэргэн буучид олимпийн эрхийн төлөөх ээлжит “тулаанаа” хийхээр өнөөдөр АНУ-ыг зорих гэж байна. Австралийн Сидней, дараа нь БНСУ-ын Чанвонд болсон хоёр ч “Дэлхийн цом”-д онч мэргэнээ сорьсон ч гол зорилго болох олимпийн эрхээ авч чадаагүй буудлагынхан энэ удаад АНУ-ын Форт Беннинг хотноо болох урт буу болон гар бууны төрлийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг “онилжээ.” Тус тэмцээн энэ сарын 14-23-ны хооронд үргэлжлэх бөгөөд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул тэргүүтэй 10 гаруй тамирчин оролцохоор өнөөдөр хилийн дээс алхах гэж байна.
Дашрамд дуулгахад, мэргэн буучдын хувьд “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох эрх олгох ердөө гуравхан тэмцээн үлдээд байна. Энэ долоо хоногт эхлэх Форт Беннингийн “Дэлхийн цом”, зургадугаар сарын 16-25-нд Германы Мюнхен хотноо болох “Дэлхийн цом”, харин сүүлийнх нь 2012 оны нэгдүгээр сард Катарын нийслэл Дохад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байх юм.
С.Цэлмэг