
АНУ-ын Майами хотод энэ сарын 1-3 –ны өдрүүдэд болсон Олон улсын Хуульчдын холбооны хуралд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал Р. Батрагчаа Монгол улсыг төлөөлөн оролцож, монголын эрх зүйн орчны талаар танилцуулсан байна. Мөн тэрбээр олимпын үеэр шинээр баригддаг үл хөдлөх эд хөрөнгийн асуудалд хуульчдын оролцоог чухалчилсан хуралдааныг хөтөлж явуулсан аж. Дээрх хуралд Олон улсын Хуульчдын холбооны гишүүн байгууллагууд буюу 60 гаруй орны 140 орчим хуульч оролцсон бөгөөд Ази тивээс ганцхан Монголын төлөөлөгч оролцсон гэнэ.
Олон улсын Хуульчдын холбооны энэ удаагийн хурал дэлхийн санхүүгийн хямралын дараа үл хөдлөх хөрөнгийн бизнес сэргэж байгаа үед болсноороо онцлог хэмээн зохион байгуулагчид тодотгосон байна. Тийм ч учраас хуульчид ур чадвар, мэдлэг туршлагаа солилцож, тулгамдсан асуудлаа хамтдаа хэлэлцдэг энэхүү хурлаар үл хөдлөх эд хөрөнгийн бизнест олон улсын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, үүнд хууль зүйн ямар асуудал тулгардаг, түүнийг шийдэх арга замыг боловсронгуй болгохыг эрхэмлэжээ.
Н.Бүжин