Улсын тэмдэгтийн хураамжийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Улсын тэмдэгтийн хураамжийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж байна. Түүгээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэж буй юм. Дээрх хууль хэрэгжиж эхэлсэн даруйд иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол шүүмжлэл олонтаа ирж өөрчлөхөөс аргагүйд хүрсэн тул Засгийн газрын зүгээс дахин УИХ-д төсөл өргөн мэдүүлсэн юм. Тодруулбал, спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болон түүгээр үйлчлэх тохиолдолд нийслэлд 300 мянга, аймагт 200 мянга, суманд 100 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр тусгаад байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Засгийн газрын зүгээс тооцоо судалгаатай төсөл оруулж ирэхгүй бол УИХ-аас баталсан хууль хэрэгжиж эхэлсэн даруйдаа олон нийтээс санал шүүмжлэл хүлээдэг. Эцсийн дүндээ УИХ –ын алдааг Засгийн газар засдаг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж муу бүхнийг УИХ үүрдэг жишиг тогтоод байгаа тул Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр гишүүд сайн ажиллах шаардлага байна гэдгийг онцоллоо. Гэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг өнгөрсөн өвөл УИХ-аар хэлэлцэх шатанд ажлын хэсгийн шатанд Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр нэлээд сайн ажиллаж, өндөр тусгаад байсан төлбөрийн хураамжийг буулгаж, Төсвийн байнгын хорооны төвшинд дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд тэдгээр саналыг унагаж байсан. Тиймээс төсвийн цоорхойг нөхөх нэрийн дор УИХ Засгийн газарт хэт хөтлөгддөгөө болих хэрэгтэй гэсэн шүүмжлэл ч өрнөлөө.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж